БНСУ-ын “NEWS1” агентлаг өнгөрөгч даваа гаригт тус улсын Өмнөд Чунчон мужид Монгол Улсаас ирсэн гурван иргэнээс Омикрон хувилбар илэрсэн талаар мэдээлжээ.
Тухайн иргэд нь өнгөрсөн сарын 15, 25 болон 28-ны өдрүүдэд БНСУ-д очсон бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Омикрон хувилбарын халдвар авсан болохыг тогтоосон байна.
ГХЯ-наас энэ талаар тодруулахад “Гадаад улсад зорчсон Монгол Улсын иргэдээс Омикрон хувилбар илэрсэн гэх мэдээлэл гарсан нь үнэн. Гэхдээ манай яам дээр одоогоор албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Энэ талаар ЭМЯ болон ХӨСҮТ-ээс албан ёсны байр суурь илэрхийлнэ” гэж мэдээлсэн юм.
Харин ЭМЯ болон ХӨСҮТ-ээс тодруулахад “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол Улсаас гадаадад зорчсон иргэдээс “COVID-19”-ийн эерэг тохиолдол илэрвэл ХӨСҮТ рүү мэдээлэгддэг. Хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр гадаадад зорчсон монгол иргэнээс эерэг гарсан бөгөөд ямар хувилбар илэрсэн талаарх генийн дараалал тогтоох шинжилгээ хийгдэж байгааг бидэнд мэдээлсэн. Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдээс Омикрон хувилбар илэрсэн гэдэг нь худал мэдээлэл” гэх хариултыг өглөө.
Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дэлхий дахинд Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш манай улсад 1000 гаруй сорьц шинжилснээс эрсдэлтэй байж болох 100 гаруй сорьцыг Япон руу явуулсан. Сэжигтэй 16 тохиолдлоос арван иргэний сорьцод урьдчилсан байдлаар Омикрон илэрсэн. Баталгаажсан цагт мэдээлэл өгнө.
Арванхоёрдугаар сарын 20-нд Монголоос Лондонд очсон хүнээс Омикрон илэрсэн гэсэн. Яг монголоос халдвар авсан гэхэд эргэлзээтэй. Омикрон нь 2.5 хоногийн нууц үетэй учир замдаа халдвар авсан байх магадлалтай. Солонгост байгаа иргэний хувьд тэнд оршин суудаг хүн, гэртээ тусгаарлагдаж байх үед нь Омикрон илэрсэн гэх мэдээлэл авсан” гэлээ.
0 cэтгэгдэлтэй