Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэх тухай УОК-ын байр суурийг илэрхийллээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “УОК-оос Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар Засгийн газрын хуралдааны үеэр ярилцсан. Ирэх хоёрдугаар сард болох Цагаан сарын баяраар төрийн байгууллагын түвшинд золголт хийхгүй байх Засгийн газрын шийдвэр гаргасан.
Ард иргэдийн хувьд Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэдэг уриалгыг гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл хязгаарлаж, хориглосон зүйл байхгүй.
Эрсдэлт бүлэг буюу өндөр настнууд, вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд коронавирусийн халдварын эрсдэл өнөөдрийг хүртэл байсаар байгаа учир Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг уриалж байна” гэв.
Ерөнхий сайдын зүгээс энэ удаад төрийн золголт хийхгүй байх, айл, өрх, иргэдийг цомхон буюу зөвхөн гэр бүлийн хүрээнд баяраа тэмдэглэх, өргөн хүрээнд нийтээр тэмдэглэхгүй байх зөвлөмж гаргах үүрэг чиглэлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УОК-т өгч байв.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиох билээ.
0 cэтгэгдэлтэй