Айл өрхүүдийн 2022 оны 5-р сарын 31-нийг хүртэлх цахилгааны төлбөрийг төрөөс хариуцна

2021-12-31 189 0

ЗГ-ын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Монгол Улсын Засгийн газраас цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах зорилгоор 2020 оны 12-р сарын 1-нээс 2021 оны 12-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд айл өрх, албан байгууллагын хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүн, дулааны уур, хог усны төлбөрийг бүрэн хариуцах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хугацаа өнөөдрөөр тасалбар болж байна. Эдийн засгийн хүндрэлийг давахад энэ шийдвэр айл өрх, ААН-үүдэд бодитой дэмжлэг болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Нийт цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 98 хувь нь энэ хөнгөлөлтөд хамрагдсан. Энэ хөнгөлөлтөд өнөөдрийн байдлаар 890 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар:

Айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах ажлыг 2022 оны 1-р сарын 1-нээс 5-р сарын 31-нийг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, системийн ачаалал ихэсдэг тул айл өрхийн хэрэглээний дээд хязгаарыг зааж өгсөн. Үүнд:

Гэр хороололд амьдардаг айл өрхийн -350кВцаг хүртэлх
Орон сууцанд амьдардаг өрхийн- 250 кВт цаг хүртэлх цахилгааны хэрэглээний үнийг ЗГ-аас хариуцан хэрэглэгчийн өмнөөс төлөхөөр шийдвэрлэлээ.
Орон сууц, гэр хороололд амьдардаг өрхүүдийн дундаж хэрэглээг гаргаж, 250, 350 кВт цаг гэсэн хязгаарыг тавьсан. Дундаж хэрэглээгээр нь тооцвол энэ удаад нийт хэрэглэгчдийн 73 хувь нь цахилгааны төлбөрөө бүрэн хариуцуулахаар байна. Үүнээс давсан хэрэглээний төлбөрөө айл өрхүүд өөрөө хариуцна.

Ахуйн хэрэглээний төлбөрийг төрөөс хариуцах 6 сарын хугацаанд 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ санхүүжилтийг Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд хариуцахаар болсон гэв.

Холбоотой мэдээ