НИК-ийн захирал Н.Наранбат: Найм, есдүгээр сард бензиний үнэ өсч болзошгүй

2021-08-03 281 0

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, АМГТГ-аас аж ахуй нэгжүүдтэй шатахууны үнийн асуудлаар хамтарсан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр шатахуун импортлогчид болон албаны хүмүүс цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

НИК ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат: Шатахууны үнэ дахин өсөх байдал анзаарагдаж байна. Учир нь, найм, есдүгээр сард бензиний үнэ дахин өсөх хандлагатай байна. Энэ өсөлтийг дагаж бид жижиглэнгийн үнээ өсгөөд явах болно. Үүнийг хэрэглэгчид бас зөвөөр ойлгох хэрэгтэй. Энэ бол зах зээлийн зарчим. Компаниуд олон сарын турш алдагдал хүлээсэн. Шатахуун импортлогчид бид 10 мянга орчим хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Энэ салбарт нэг компанийг монополь байна гэж иргэд буруу ойлгодог. Аль 30 жилийн өмнөөс өрсөлдөөн бий болж, одоо шатахууны зах зээлд 30 гаруй ААН үйл ажиллагаагаа явуулж байна. Бензиний үнийг тогтоохдоо гадаад нөхцөл буюу буюу хилийн үнэ, долларын ханшийн өсөлтөөс хамааран өсгөж, бууруулдаг. Бирж дээрх үнийн хөдөлгөөнөөс хамааран цаг тутамд үнээ өөрчилж байгаа тохилдлууд ч байна. Он гарснаас хойш БНХАУ-д гэхэд бензиний жижиглэнгийн үнэ дээр 12 удаагийн өөрчлөлт хийсэн байна.

Төр засгийн зүгээс “Цар тахалтай холбоотойгоор вакцинжуулалтыг 60 хувьд хүртэл үнээ тогтвортой байлга” гэсэн учраас үнийн хувьд хөдөлгөөн хийгээгүй. Хэдийгээр зургаа, долдугаар сар хүртэл бензиний үнэд хөдөлгөөн хийгээгүй ч өргөн хэрэглээний барааны үнэ 7-20 хувь хүртэл өссөн байна. Ингээд харахад, бензиний үнэ шууд өргөн хэрэглээний бараанд нөлөөлөөд байна гэж хэлэхэд хэцүү байгаа юм.

ШӨХТГ-аас компаниудын шатахуунаас дээж авч, чанарын хяналт шинжилгээ хийсэн юм билээ. НИК-ийн хувьд ямар нэгэн чанарын доголдол гараагүй. Харин чанарын шалгалтын явцад төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайн байсан уу гэвэл үгүй. Ер нь бол хоёр лабораторид үзсэн шинжилгээний аль мууг нь авч хариуцлага тооцоод байгаа харагдсан. Үүнд зарчмын болоод процедурын алдаа байна гэж үзэж байна. Иймээс бид тодорхой хандах ёстой байгууллагуудад бичгээр хандсан байгаа гэлээ.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ