Энэ жил бялууны эрэлт их олдоц бага байна

2021-12-30 226 0

Энэ шинэ жилийн баяр нилээн өргөн дэлгэр болж өнгөрөх шинжтэй. Хэдий Засгийн газраас олон нийтийн арга хэмжээг зогсоож, төрийн байгууллагууд шинэ жилийн баяр хийхгүй байгаа ч бараг хоёр жилийн турш карентинд байсан иргэд гэр бүлээрээ уг нандин баярыг хөл хөөртэй тэмдэглэхийн тулд багагүй хичээж байгаа бололтой. Гэсэн ч шинэ жилийн баярын ширээний гол зоог болох бялууны хүртээмж хомс, ихэнх үйлдвэрлэгч нар захиалгаа хаасан байгаа учраас иргэд баярын бялуугаа хаанаас авахаа мэдэхгүй байна.

Иргэн Б.Баатарчулуун: Баярын ширээн дээрээ бялуу тавина гэдэг бараг том асуудал болоод байна даа. Ихэнх газар захиалга дүүрсэн, авахгүй байгаа салбараас ав гэж байна. Тэгээд салбар дээр очихоор сонголтгүй жаахан тийм л байна. Яг яагаад бялуу ийм ховор болчихсоныг гайхаад л байна.

Иргэн Б.Халиунаа: Ихэнх газрууд сонголтгүй болчихсон байна. Дөнгөж сая энэ хотол бялууг хүлээж хүлээж авлаа. Гэхдээ яахав дотоодын том үйлдвэрлэгч юм байна итгэл даасан орчинд үйлдвэрлэсэн болохоор гайгүй байх гэж бодож байна.

Иргэн М.Билгүүн: Манайх бялуунд тийм ч их ач холбогдол өгдөггүй л дээ. Гэхдээ баяр болж байгаа болохоор ёс болгоод жижиг ч хамаагүй ганц бялуу ширээн дээрээ тавья гээд хайгаад л явна. Том том газруудын бялууны үнэ бол дийлдэхгүй юм байна лээ. Хамгийн багадаа 50.000 төгрөгөөр л нэг бялуу авах шинжтэй байна шүү. Тэгсэн мөртлөө ямар ч сонголтгүй. Яагаад ийм болчихсон юм бүү мэд.

Энэ жил бялууны эрэлт их байгаа ч олдоц ховор, мөн түүхий эд нэмэгдсэнтэй холбоотойгоор бялууны үнэ нэмэгдсэн байна. Гэхдээ эрэлт их байгаагийн хэрээр хувь хүмүүс их хэмжээгээр бялуу худалдан авч, нөөцлөөд стандартын шаардлага хангаагүй орчинд хадгалаад дамлан борлуулах эрсдэл байгааг мэргэжилтнүүд сануулсаар байна.

 

Холбоотой мэдээ