Б.Чинбат: Аав минь яг миний насан дээр Гавьяат жүжигчин цол хүртэж байлаа

2021-12-28 84 0

Хөгжмийн зохиолч, продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч Б.Чинбатад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээхээр болсон.

Гэвч өчигдөр ковидын шинжилгээний хариу нь эерэг гарч, эмнэлэгт хэвтсэн тул өнөөдөр Төрийн ордонд ирж шагналаа гардан авч чадаагүй гэдгээ өөрийн цахим хуудастаа бичжээ.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат:

“Юуны өмнө төр засаг, түмэн олондоо маш их баярлалаа. Хөгжим гэдэг энэ агуу ертөнцөд таван настайгаасаа дурлаж өнөөг хүртэл зүтгэж байгаа өчүүхэн авьяас чадвар, хүч хөдөлмөрийг минь үнэлж Төр засаг минь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнажээ.

Аав минь яг миний насан дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж байсан билээ. Аав минь байсан бол хэчнээн их баярлах байсан бол гэж бодож сууна.

Өнөөдөр дэлхийд нүүрлээд байгаа энэ аюулт тахлыг тойрч гарсангүй дайраад гарсан өдөр нь ингэж давхцах юм гэж хэн санах билээ. Өчигдөр орой 21 цагт миний шинжилгээний хариу эерэг гараад тэр дороо эмнэлэгт ирж хэвтсэн. Иргэнийхээ үүргийг биелүүлж бусдыгаа эрсдэлээс хамгаалахын тулд энэ хүндэт төрийн дээд шагналаа гардаж авах цагтаа хүрэлцэн очиж чадахгүй болсондоо төр засаг болон түмэн олон та бүхнээсээ түмэнтэй хүлцэл өчиж байна. Та бүхэн минь амны хаалтаа тогтмол зүүж, хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалаарай” хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ