Ц.Төмөрбаатар: Ааваараа баатрын хувцас хийлгэж өмссөн тэр жилийн шинэ жил хамгийн сайхан

2021-12-28 108 0

Уншигч та бүхнийг энэ удаад Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатартай уулзуулж байна. Түүнтэй хүүхэд нас болон шинэ жил, уран бүтээлийнх нь талаар ярилцав.

-Шинэ жил болох гэж байгаа энэ үед тантай уг баярын талаар яриагаа эхэлье гэж бодлоо …

-2021 оны отгон сард уншигчидтайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Монголчууддаа тун удахгүй ирэх шинэ оны мэнд хүргэе. Миний хувьд 2021 онд олон онцлог үйл явдал тохиосон сайхан жил байлаа.

-Шинэ оныг та хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэдэг. Шинэ он гарч байгаагийн хувьд хүүхдүүдтэйгээ оргилуун дарс задалж, амтат бялуу хувааж идээд өнгөрүүлдэг. Хүүхдүүд маань хүсэн хүлээдэг болохоор тэднийгээ баярлуулахыг боддог доо. Том охин маань орос сургуульд сурдаг ч урлагт их дуртай. Бага нь ч ялгаагүй. Сонирхлынх нь дагуу Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурийн ангид оруулсан юм. Он солигдохоос өмнө эхнэр бид хоёр хүүхдүүдтэйгээ бага зэрэг тоглолтын номер бэлтгэж дуулж, бүжиглэдэг. Энэ жил ч мөн адил тэгнэ. Аав, ээж хоёр нь охиддоо үргэлж цаг гаргаж чаддаггүй болохоор хамт дуулах их дуртай байдаг юм.

-Таныг бага байхад шинэ жилийн баяр хэрхэн болдог байсан бэ?

-Надад жил бүрийн шинэ жил, наадам сайхан болж үлдсэн. Бага байхад алим, жүрж ховор байсан. Арванхоёрдугаар сар гарангуут “Шинэ жил болох нь эдгээр жимсийг идэх нь” гэж бодохоор бараг нойр хүрдэггүй байлаа. Гацуур модоо чимэглэх гэж их л догдолдог байж билээ. Тэр үед одоогийнх шиг хиймэл гацуур байгаагүй тул ойн хамгаалагчаас зөвшөөрөл авч, уулнаас ориг гацуур чаргаар авч ирж, гэрийнхээ хойморт зална. Гялгар, гоёмсог чимэглэл байдаггүй байсан болохоор өнгийн цаасаар элдэв янзын амьтдын дүрс хайчилж чимдэг байлаа. Мөчир дээр нь хөвөн наана. Цас тогтсон мэт харагдуулах гэж тэр.

-Өвлийн өвгөнөөс бэлэг их авдаг байв уу?

-Айлд өвлийн өвгөн нэг их ирдэггүй байсан. Харин цэцэрлэг, сургуульд жил бүр ирнэ. Тэр болгонд л бэлэг авна шүү дээ.

-Өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг байв уу?

-Тэгэлгүй яах вэ, “Энэ өвгөн хаанаас, юугаар ирдэг юм бол” гэж их бодно. Цэцэрлэгт байхад багш биднийг нэг ангид оруулаад “Өвлийн өвгөн аав ирэх гэж байна. Томоотой суугаарай. Үймүүлдэг хүүхдэд бэлэг өгдөггүй юм шүү” гэхээр нь томоотой нь аргагүй сууна. Нэрсийг дарааллаар дуудаад бэлэг өгөхөөр нь нэрээ сонсохгүй өнгөрөөчих вий гэж бодоод аль болох чих тавиад суудаг байж билээ. Ингэж ингэж бэлгээ авсныхаа дараа нимгэн трико өмссөн цасан охидыг нь хараад “Даардаггүй юм байх даа. Цасан охид юм чинь арга ч үгүй байлгүй дээ. Харин чаргаар ирдэг гэсэн. Морь, бугын алийг нь хөлөглөж ирдэг юм бол” гэж бодно.

-Шинэ жилийн үеэр хөгжилтэй зүйл олон тохиолддог. Та өөрт тохиолдсоноо сонирхуулна уу?

-Цэцэрлэгт байхад аав минь нэг удаа ангийн шинэ жилд оролцохдоо хатуулгатай цаасаар баатрын хувцас хийж өгч, бэлэг болгож билээ. Тэр жилийнх бол надад сүүлийн хэдэн жил тохиогоогүй сайхан шинэ жил байсан. Тэр оны шинэ жилийн баяр өнгөрөхөөр хувцасаа ангийнхаа толины ард хадгалж байгаад дараа жилийн шинэ жилээр өмсөх гэтэл багтдаггүй. Миний уурлах, уйлах гэж жигтэйхэн. Гэртээ уруу царайлсан амьтан иртэл аав “Миний хүү яагаад уурлачихав” гэв. Учраа хэлтэл “Үүнд уурлах юу байх вэ. Аавдаа зүгээр л хэлчихгүй. Ахиад хийгээд өгье” гээд шөнөжин сууж байгаад өмнөхөөсөө гоёор сэлэмтэй хийж өгсөн. Гэвч миний сэтгэлд өмнөх нь илүү үлдсэн болохоор нэг их баярлаагүй. Хүүхүүд ч “Би өмсч үзье” гэхээр нь “Үгүй, би бол Цогт тайжийн хүүхэд. Ганцаараа л ийм сэлэм, хувцастай байна” гэж онгирно. Ангийн хүүхэд “Баатар хүн сахалтай байдаг. Чамд алга” гэхээр нь балын харандаа цаасан дээр үрж байгаад хурууныхаа үзүүрээр арчиж, сахал хийнэ. Миний нас ахиж яваа ч шинэ жил болох бүрт тэр шинэ жилийг боддог юм.

-Баатрын хувцас өмсч “Цогт тайжийн хүүхэд” болж тоглож байсан тань урлагт хөл тавихад нөлөөлсөн байх даа?

-Магадгүй. Аавыгаа дагаж олон жүжигчинтэй уулзахын зэрэгцээ тэднийг тайзны ард хувцсаа сольж, өмсч байгааг харах их сонирхолтой байлаа. Дунд сургуульд урлагийн үзлэгээр шүлэг их уншина. Харин ахлах ангид ороход багш алиалагчаас эхлээд олон номерт оруулах гэхэд нь зугтдаг болсон. Хүнд зөн совин гэж байдаг. Угаасаа л драмын жүжигчин болох учиртай болоод л хошин шогийн номероос зайлсхийгээд байж л дээ.

-Таныг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг юм билээ?

-Тийм. Өөрөө тийм хүүхэд байсан болоод ч тэр үү ийш, тийш үсчсэн, сахилгагүй хүүхдэд хайртай. Ийм хүүхэд том болоод амьдрал үзэхээрээ гүйлгээ ухаанаараа ном уншсан, ноомой хүүхдээс илүү ихийг тооцоолсон байдаг юм. Би хүнийг үйлдлээр, үгээр их зовоодог байсан. Жишээ нь хүн сууж байхад ширээнийх нь доогуур мөлхөж ороод гутлых нь үдээсийг сандлын хөлтэй уячихна. Мөн эмэгтэй хүүхдийн үсийг сандлынх нь түшлэгтэй холбочихно. Цас орохоор ангийнхаа хүүхдүүдийн хүзүү, энгэр рүү хийнэ. Цаас зажилж байгаад хүний улаан нүүр рүү пял гэтэл нь шиднэ. Хорлон санаагүй сахилгагүйтдэг байсан минь намайг урлаг руу аяндаа хөтөлсөн байх. Зажилсан цаасаа хүний нүүрэнд наахаар хүн яаж ярвайдаг, ямар үйлдэл хийдгийг нь харах их дуртай. Одоо аль нэг жүжигт тоглож байхад “Тийм үйлдэл гарга” гэвэл найруулагчаасаа асуулгүй тодоор гаргачихаж чадна. Би тэдгээр үйлдлийг багаасаа цуглуулж, их урлагт эргэлт буцалтгүй орсон.

-Та ахлах ангид ороод янз бүрийн урлагийн үзлэгт тоглохоо больсон юм уу?

-Би дургүйдээ болиогүй. Хамгийн гол нь их ичдэг болсон юм. Тэр байдал оюутан болоод ч салаагүй. Харин багш, найз, олон жүжигчний тусламжтайгаар бүрэг зангаа орхисон.

-Аавтайгаа уран бүтээлийн талаар ярилцдаг байв уу?

-Намайг долоон настай байхад аав бурхан болсон учир уран бүтээлийн талаар ярилцаж чадаагүй ээ. Бид хоёр түрдэг дугуйны талаар ярьж байсан зүйл харин санаанаас гардаггүй юм. Тэр үед хүүхдүүд төмөр утас тахийлгаж байгаад дугуй түрж тоглодог байлаа. Би тэгж тоглох гэсэн чинь түрдэг төмөр байдаггүй. Аав “Ховилтой модоор түр” гэв. Би тэр хүүхдүүд шиг төмрөөр түрэх гэж дургүйцэхэд “Хүн хийе гэсэн зүйлээ өөр өнцгөөс ч гэсэн чадъя гэвэл болдог юм” гэж билээ. Үүгээрээ намайг ухаажуулж байж. Хааяа ээждээ зодуулахаараа аавдаа уйлаад очно. Тэгэхээр “Миний хүү битгий уйл. Эр хүн эодуулах тусам хатууждаг юм” гэж аргаддаг байсан.

-Аав тань “Энэ шар л урлагийн хүн болж магадгүй” гэж ээжид тань хэлж байсан гэдэг. Багаас тань таньж байж ээ?

-Тийм. Өөрийнх нь зөн совинд би жүжигчин болмоор санагдсан юм байлгүй. Тиймээс ч би хичээж явна.

-Анх урлагт хөл тавихад юу бодогдож байв?

-Аавыгаа бурхан болсноос хойш 12 жилийн дараа анхны бүтээл “Хүний амь” кинонд тоглосон. Тэр үед би “Нэг юм тоглосон боллоо доо” гэж бодсон. Харин ээж маань урлагийн хүн биш болохоор ингэж л тоглох ёстой байж гэж бодоод өнгөрсөн гэсэн. Киноны дараа уран бүтээлчдэд шагнал гардуулахад би ээждээ бүх мөнгөө өгсөн. Тэгэхэд “Миний хүү одоо л тусад орох нь дээ. Аав нь урлагт 10 жил зүтгэсний дараа “Одоо л би жүжигчин болох нь дээ. Чи сайн жүжигчин болъё гэж бодож байвал аливаа дүрд тоглосон шиг тогло, Үгүй бол зүгээр нэг дүрд ороод гардаг хүн шиг тоглох хэрэггүй” гэсэн. Тэр үг надад ихийг ухааруулсан шүү.

-Олонд танигдаж эхлэхдээ биеэ тоож байв уу?

-Миний аав олон шавьтай. Зарим нь надад аав болдог. Тэд надад “Миний дүү үргэлж л хүүхэд зангаараа байгаарай. Биеэ битгий тоогоорой” гэж байнга хэлдэг. Би угаасаа тийм зан гаргахгүй л дээ. Харин ч тийм зан гаргаж байгаа хүмүүсийг харахаар дургүй хүрээд байдаг юм. Хүн сайн байж болно. Харин сагсуурах хэрэггүй л байхгүй юу. Одоогийн “томчууд” яг ийм зантай. Зиндаархаад л. Надаас мөнгөөрөө л илүү. Өөр илүүрхэх юмгүй байж хөгийн зан гаргаад байдаг юм.

-Та одоо ямар дүр бүтээхийг хүсч байна вэ?

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй болохоор тийм дүр бүтээчих юмсан гэж бодолгүй яах вэ. Нас ахиж яваа болохоор малчин Монгол эрийн дүр бүтээхийг хүсч байна. Чөлөөт уран бүтээлч гэсэн нэр зүүсэн болохоор санаанд тохирсон дүр байвал үгүй гэхгүй.

-Таныг залуудаа их омголон байсан болов уу гэж би боддог юм?

-Угаасаа шартай хүүхэд байсан. Зөв юмны өмнө хэзээд бат зогсдог. Хэрэлдвэл хэрэлдэнэ, зодолдвол зодолдоно. Одоо ч иймээрээ. Надад нэг бодол байдаг юм.

-Ямар?

-Хэн нэгэн толгой дээр гарах гээд байвал “Чи намайг эцэггүй болохоор ингэж байна уу” гээд босдог. Намайг дунд сургуульд байхад багш нар аавгүй болохоор их дээрэлхдэг байсан. Тэр бодол одоо хүртэл миний оюун ухаанд шингэсэн байх. Эцэггүй ч гэсэн би хүнд дээрэлхүүлэхгүй.

-Та “Миний аавын нэрийг шавь нараас нь эхлээд олон хүн барьдаг. Тэгсэн хэрнээ хөшөөг нь ч босгоогүй байна шүү дээ” гэж хэлж байсан …

-Тэр үед би жаахан шаралхсандаа тэгж хэлсэн байж магадгүй. Би аавдаа зориулж хөшөө босгох гэж их хичээсэн. Гэвч бараагүй. Харин одоо чадахаар болсон. Гэвч зарим хүн бараг амьд хэрнээ өөрсдөдөө хөшөө босгуулах гээд байгаа учир больсон. Цагааны Цэгмид гэдэг хүн байсан уу байсан, кино урлагт дийлж байсан уу, дийлсэн нь үнэн юм чинь би өөрөөр мөнхлөх гээд яах вэ дээ. Би зүтгэсэн зүтгээгүй ард түмэн аавыг минь мэдэх юм чинь.

-Олон алдартан бурхан болоход ар гэрийнхэн нь нэрэмжит шагналыг нь бий болгодог. Танд аавынхаа нэрэмжит шагналыг бий болгох бодол байхгүй юу?

-Ийм бодол байсан. Гэвч намайг дэмжиж ажиллах дургүй хүмүүсийг гуйхгүй. Тэгвэл аавыгаа доромжлуулсан болно.

-Таны аав ер нь хэчнээн шавьтай вэ?

-13. “Итгэлт баян” А.Очирбат агснаас эхлээд олон сайн жүжигчин бий. Кино урлагийн дээд сургуулийн кино драмын ангид багшилж байсан жүжигчин Д.Маамхүү гуай ч байна. Энэ хүн одоо ямар ч гавъяа, шагналгүй явна. Чөлөөт уран бүтээлч гэсэн гудамжинд дэлгэрсэн үгээр өөрийгөө баясгаад ямар нэгэн кинонд тоглоод явж байна.

-Таны эгч СУИС-ийн төгөлдөр хуурын багш, дүү Төмөрхуяг, Төмөрсүх нар тань жүжигчин, балетчин мэргэжилтэй. Жүжигчид “Ц.Цэгмидийн хүүхдүүдийг дарж бай” гэсэн байдаг юм билээ. Яагаад ингэж хэлсэн юм бол?

-“Ц.Цэгмидийн хүүхэд гэхээр л бүгд урлагийн хүн болж байдаг юм уу. Тэднийг дарж байх хэрэгтэй” гэсэн үг өвгөчүүдээс гарсан нь бий. Дараагийн үе нь хэрэгжүүлэх гэж яваа. Миний дээд үе ч гэсэн үг. Гэхдээ чадахгүй л дээ. Авъяас билэг агуу юм чинь биднийг хэчнээн дараад ч чадахгүй байгаа юм чинь. Тэд бидэн шиг дийлж жүжиглэж чадахгүй болохоор ингэж хэлэхээс ч яах вэ дээ. Ийм яриа гаргасан хүмүүсийг би мэднэ. Аав минь залуудаа нас барсанд ийм яриа гаргасан тэдний хараал ч шингэсэн байх гэж боддог юм. Хэрвээ би тэдэн шиг хэн нэгнийг зулгуйдаад явсан бол ардын жүжигчин байтугай хөдөлмөрийн баатар цол авах байсан. Гэхдээ би тэгэхгүй. Миний цусаар шударга бай гэсэн үг урсч байгаа. Биднийг дарах гэсэн хүмүүс ингэж яриад явж л байг. Ц.Цэгмидийн хүүхдүүдийг “Дарав ч далдайна, булавч бултайна” гэж хэлэх байна.

Төрсөн дүү, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг

-Энэ үгийг анх сонсоод эмзэглэсэн үү?

-Үгүй. Миний дотрыг улам загатнуулж, юу чаддагаа харуулах хүслийг бадраасан. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэж үг байдаг шүү дээ. Улам өндөр ургана даа.

-Та Тэмүүжин, Жамуха хоёрын дүрийг бүтээсэн. Аль нь хэцүү байсан бэ?

-Энэ хоёрын дүр нэг үеийн баатарлаг түүх болсон. Жамухын дүр надад илүү ааг, омогтой, зорилгынхоо төлөө оюун ухаанаа зарцуулсан хүн санагдсан. Энэ хоёрыг харьцуулахад “Нөхөр мэт дайсан, дайсан мэт нөхөр” гэсэн үг санаанд буудаг. Тэмүүжин өөрийнхөө цаг үеийг зөв ухаарсан хүн. Одоогийнхоор бол менежмент сайтай гэсэн үг. Аль алинд нь хэцүү байгаагүй ээ.

-Таны бодлоор Тэмүүжингийн оронд Жамуха байсан бол өдийд яах байсан бол?

-Би аливаа зүйлийг хоёрлосон жишгээр боддог. Нэг нь байхгүй бол нөгөө нь залгах учиртай. Гэхдээ нэг нь байхаар тогтносон цагт хоёрдогч нь үгүй болох хэрэгтэй. Хоёулаа адил байвал хэн хэндээ дайсан мэт явсаар аль ч үгүй болно. Тиймээс Жамуха агуу ухаанаараа өөрийгөө хороолгуулсан. Хэрвээ Тэмүүжин үгүй байсан бол Жамуха түүний замналаар явах байсан болов уу. Жамуха Тэмүүжинийг ялах гурван боломж байдаг гэж Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн байдаг. Тэгсэн атлаа яагаад ялаагүй вэ гэвэл тэр хоёр “Ярихгүй зүйлээ ярилцаж, сэтгэхгүй зүйлээ сэтгэлцэж, нэгэн хөнжилд шургах адил явъя” гэсэн үгэндээ бат зогссон болохоор үнэнч байж чадсан.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Та гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Гэр бүлийн маань хүнийг Б.Отгончимэг гэдэг. Уг нь урлагийн хүн. Одоогоор хувиараа уул уурхайн комнани байгуулаад ажиллаж байна. Том охиныг Биндэрьяа, багыг Сүндэрьяа гэдэг. Бага маань хөгжим бүжгийн дүнд сургуулийн төгөлдөр хуурын ангид сурдаг. Өөрөө жүжигчин болно л гээд байгаа. Яг жүжигчин болно гэвэл хойд хөрш рүү явуулна. Учир нь тэндхийн сургалт сайн.

-Таны эхнэрийг танаас нэлээд дүү гэж сонссон?

-Тийм ээ. Хүмүүс ийм сонин юманд их дурладаг л даа. Би 60 настай байгаад 18-тай бүсгүйтэй суусан ч яадаг юм. Миний аав ээжээс 21 насаар ах. Би эхнэрээсээ 14 насаар ах. Хэн хэндээ хайртай байгаад, амьдралаа сайхан авч явж чадаж байвал болоо.

-Охидынхоо нэрийг та хайрласан уу?

-Тийм. И.Нямгаваа бид хоёр сайхан цагт Хүүхэд залуучүудын театрт ажиллаж байхад манай том охин ээжийнхээ гэдсэнд байсан юм. Тэр үед түүний хүүхэд “Би Сүндэрьяа дүүдээ чихэр өгнө гэдэг байсан юм. Би “Сүндэрьяа дүү чинь хаана байгаа юм” гэхээр манай эхнэрийн гэдэс рүү заасан. Тиймээс хүүхэд тэгж байгаад нь бэлгэшээгээд энэ нэрийг өгсөн. Манайхан Батаар эхэлсэн нэртэй хүүтэй бол бусдыг нь адил эхлүүлдэг болохоор дүүг нь ч бас ингээд нэрлэчихсэн юм.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 

Эх сурвалж: MNB

Холбоотой мэдээ