
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ипотекийн зээл авсан иргэдийн сар бүрийн эргэн төлөлтийг хойшлуулж байгаа. Энэ нь ковидын нэг удаагийн хуульд заасан заалтыг үндэслэн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Эрх баригч намын бүлэг ковидын хуулийг дахин 6 сараар сунгах нь зүйтэй гэж үзсэн ч ипотектой холбоотой заалтыг хуулиас авч өгөх хүсэлтийг Монголбанкнаас ирүүлжээ.
Тодруулбал, Засгийн газар Цар тахлын хууль буюу “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” хуулийг дахин сунгах санал гаргаж, энэ 7 хоногт хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж байгаа. Тус хуулийг сунгах болсонтой холбоотойгоор хуульд оруулсан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах заалтыг хуулиас авч өгөх хүсэлтийг Монголбанкнаас ирүүлжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Монголбанк хэрвээ Ковидын хуулийг сунгахаар бол зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй байх саналыг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2020, 2021 он дамжаад ипотекийн эргэн төлөлтийн хөнгөлөлтийн зохицуулалтыг хийсэн. Үүнээс цааш ийм хөнгөлөлт үзүүлэх боломжгүй. Дахин сунгавал банкны системийн хүндрэл гарах гээд байна. Тиймээс цааш нь хэвийн төлөлтийг үргэлжлүүлж өгөөч гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Үүнийг сунгах эсэхийг дахин ярилцаж шийднэ” гэлээ.
Арваннэгдүгээр сарын байдлаар банкны систем дэх нийт зээлийн үлдэгдэл 20.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүний 10 хувь буюу хоёр их наяд гаруй төгрөгийн зээл чанаргүй болоод байгаа аж. Харин хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн үлдэгдлийн таван хувийг эзэлжээ. Өөрөөр хэлбэл, банкны системд нийт зээлийн үлдэгдлийн 15 хувь нь зээлийн эргэн төлөлт тасалдаж, хугацаа хэтэрсэн зэрэг муу ангилалд багтаад байгаа юм.
0 cэтгэгдэлтэй