Д.Тогтохсүрэн: Иргэд цахилгаан, дулааны мөнгөө өөрсдөө төлнө, ипотек дахин сунгагдана

2021-12-20 38 0

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, гурван асуудал хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ. Бүлэг дараах гурван асуудлыг хэлэлцэж, гишүүд санал нэгдсэнээ танилцуулав.

Нэгд, МАН-ын ХХХ Их хурлаас дэвшүүлсэн Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлэгтээ танилцуулсныг дэмжсэн байна. Тус бодлого нь дунд хугацааны хөтөлбөр хэлбэрээр гарах бөгөөд эхний ээлжинд 20 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг зарчмын хувьд бүлэг дэмжсэн байна. Засгийн газрын оруулж ирсэн хуулиудын нэмэлт өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцсэн батлах нь зүйтэй гэж үзжээ.

Хоёрт, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” хуулийн хэрэгжих хугацааг дахин зургаан сар сунгах Засгийн газрын саналыг бүлгийн гишүүдийн олонх дэмжжээ. Сунгах хоёр үндэслэл байна гэж үзсэн байна. Нэгд, дэлхийн нийтэд цар тахлын аюултай хувилбарууд бүртгэгдэж, нөхцөл байдал улам хүндэрч магадгүй байна. Хоёрт, манай улсын экспорт хаагдсан тул эдийн засагт хүндрэл үүсэхээр байна. Иймд маш хурдтай маньевр хийх нөхцөл үүснэ.

Гуравт, төсөв батлахад төрийн үйлчилгээний албан хаагчид 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс гэрээгээр ажиллах шийдвэрийг УИХ гаргасан. Эд шийдвэрийг хөдөө орон нутгийн үйлчилгээнийхэн, үйлдвэрчний эвлэл эсэргүүцэж байгаа. Тиймээс бүлэг уг асуудлыг дахин авч хэлэлцсэн. Ингээд төрийн үйлчилгээний албан хаагчдын 2021 онд авч байсан цалин хөлс урамшууллыг 2022 онд хэвээр хадгалах чиглэлийг Засгийн газарт өглөө. Лхагва гаригт Засгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргана.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Цар тахлын хуулиар Засгийн газарт төсөв мөнгөний талаар шийдвэр гаргах талаар онцгой эрх өгсөн. Энэ тал дээр нэлээд шүүмжлэл дагуулж байгаа шүү дээ?

-Ковидын хууль бол төсөв, хэдэн томилгоотой холбоотой асуудал биш. Цаана нь маш чухал асуудлуудыг шийдэж байгаа. Өнгөрсөн зургадугаар сард баталсан хууль дээр Засгийн газарт олгосон төсөв мөнгөний эрхийг хязгаарласан. Жишээ нь, 7.1.9 дэх заалт дээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын хороонд хийх орлого, зарлагын хуваарилалтыг Сангийн сайд өөрөө шийдэх байсныг заавал УИХ-аар оруулж шийдэх заалт орсон. Тиймээс төсөвтэй холбоотой асуудалд дур мэдэн шийдэх асуудал байхгүй болсон.

-Цар тахлын хууль нэрийдлээр Төрийн албаны хуулиа зөрчиж, түр томилгоо хийж байгаа шүү дээ. Энэ хэвээрээ үргэлжлэх үү?

-Томилгоотой холбоотой асуудал бий. Үүнийг хуульд нийцүүлэх чиглэлийг өгч байгаа. Бид судалгаа хийж үзэхэд, Засгийн газрын түвшинд гурван ТНБД, 17 агентлагийн дарга, 71 яам агентлагийн хэлтэс, газрын дарга гээд 90 гаруй хүн түр томилгоотой байна лээ. Эдгээрийг Төрийн албаны хуульд нийцүүлж шийдэх чиглэлийг өгсөн.

-Цар тахлын хуулийг сунгагдвал цахилгаан, дулаан, хог, усны мөнгөний хөнгөлөлт үргэлжлэх үү?

-Энэ бол улсын төсвөөс гадуур буюу Эрдэнэт үйлдвэрээс санхүүжүүлж байгаа арга хэмжээ. Энэ арга хэмжээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болно. Иргэд, ААН 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс цахилгаан дулаан, хогны мөнгөө өөрсдөө төлөөд явна гэж ойлгож байгаа.

-Ковидын хуулийг оруулж ирэхдээ нэг л удаа сунгахаар оруулж ирсэн шүү дээ. Гэтэл одоо гурав дахиа сунгах байна. Цаашдаа дахиад л сунгаад байх юм уу?

-“Ковид-19”-ийн халдвар дуусаагүй, үргэлжлээд явж байна. Ковид дуусаагүй байхад ковидын хуулиа цуцалчихаар олон асуудал тодорхойгүй болох гээд байгаа. Тусгаарлалт, хил гаалиас эхлээд асуудлууд үүснэ. Дээр нь хил гааль хаалттай, нөхцөл байдал амаргүй байгаа учраас эхний ээлжинд зургаан сараар сунгах асуудал яригдаж байна. Зургаагаас цааш сар сунгахгүй гэж үзэж байгаа.

-Хуулийг сунгахтай зэрэгцэн иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хийх хугацааг дахин сунгах уу. Энэ асуудал ямар байдлаар шийдэгдэх вэ?

-Засгийн газар тухайн үеийн нөхцөл байдалд тохируулсан хэрэгжүүлнэ. Цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй асуудал үүсэхэд тухай бүрт нь арга хэмжээгээ аваад явах боломжийг ковидын хуулиар нээж байгаа. Энэ хуульд ипотекийн зээлтэй холбоотой нэг заалт бий. Тэр заалт өөрчлөгдөөгүй, хэвээрээ байгаа. Монголбанк зээлийн хугацааг сунгах, төлөлтийг хойшлуулах боломжтой. Тиймээс хуулийг сунгахтай зэрэгцэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах асуудал сунгагдаад явна.

 

Эх сурвалж: Itoim.mn

Холбоотой мэдээ