ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл

2021-12-18 99 0

Хоёр удаагийн “Оскар”-ын шагналт жүжигчин Энтони Хопкинсийн “The Talks” цахим сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

Тэрбээр 1991 онд “The Silence of the Lambs” кинонд бүтээсэн Ханнибал Лектерийн дүрээрээ “Оскар”-ын шагнал хүртсэнээсээ хойш 30 жилийн дараа буюу энэ онд “The Father” кинонд гол дүр бүтээж, “Оскар”-ын шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн юм.

-БИ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА-
Нэгэн удаа “Амьдралыг хэдий чинээ их мэдэх тусам зүүд шиг санагдаж эхэлдэг” гэж хэлж байсныг чинь санаж байна. Таны төсөөлөл бодит амьдралаасаа хэр их зөрдөг учраас ингэж хэлсэн юм бэ?

-Миний туулж, өнгөрүүлсэн амьдралын сүүлийн 30 жил тийм л байсан. Бага залуу байхдаа хүсэж, мөрөөддөг байсан зүйлсийн минь үр дүн. Магад би 30 жилийн өмнө үүнийг ойлгосон бол “Амьдрал бодит бус зүйл. Яг л миний төсөөлж байсан шиг зүйл байна” гэж хэлэх байх. Миний бүхэл амьдрал яг л ингэж өнгөрсөн. Харин нөгөөтээгүүр би хүн бүрд байдаг нэгэн гайхам чадварыг биширдэг юм. Тэр бол хүн юу туулж, өнгөрүүлснээрээ л тус тусын амьдралаа бүтээдэг.

-Тэр дундаас урлагийнхан, ялангуяа кино урлагийн найруулагч, жүжигчдийн дотоод ертөнц илүү хүчтэй байдаг гэж боддог уу. Хүмүүс жүжигчдийг бусдаас илүү мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй гэдэг шүү дээ?

-Урлагийн хэмжүүрт жүжиглэх урлаг багтана гэдэг би үл итгэдэг. Гэхдээ би цаг үргэлж л амьгүй биетийн төрөлд жүжиглэх дуртай байсан. Амьтай, амьгүй аль ч зүйлийн төрөлд жүжиглэхийг бүтээлч үйл явц гэж боддог. Би өөрийгөө бүтээгч гэж боддог. Харин заавал жүжигчин, хөгжимчин эсвэл зураач байх ёстой гэсэн үг биш.

Заримдаа би үнэхээр их ядарч яваа юм шиг санагдах боллоо. Тийм үед бууж өгөөд тэтгэвэрт гарах тухай ч бодно. Гэхдээ би зүгээр л шууд тэтгэвэрт гарахыг хүсэхгүй байна.

-Дэлхий дээр маш олон жүжигчин өөрийгөө урлагийн бүтээл, түүний нэг хэсэг гэж боддог байх…

-Үзэгчид түүнээс болгоомжлох хэрэгтэй. Энэ бол галзууралд хүрэх зам. Бас дуу бичлэгийн студид ч өөрсдийгөө онцгой гэж итгэдэг тийм хүмүүс олон шүү. Дэлхий дээрх жүжигчдийг ерөөл хүртдэг, хараал иддэг гэж хоёр хувааж болно. Тэгээд л болоо. Энэ нь хэнийг ч өөр хэн нэгнээс илүү гэсэн үг биш. Харин бидний, тэдний тархи л ингэж ажилладаг гэсэн үг.

-Таны кино урлагийн 70 жилийн түүхэнд хамгийн их урам зориг өгсөн найруулагч хэн байв?

-Өөр өөрийн арга барилтай олон сайн найруулагч надтай учирсан. Оливер Стоун, Спилберг гээд л шилдгүүдтэй ажиллаж байлаа. Энэ тухайд би өөрийгөө маш азтай байсан гэж боддог юм.

Би бүтээх гэж байгаа дүрээ өөрийн гэсэн өвөрмөц загвар, өөрийнхөө төсөөллөөр хийхийг хүсдэг. Одоо бол би бүх дүрэм, журмыг зөрчиж, зүгээр л зугаагаа гаргахын тулд кино хиймээр байна.

-Жүжигчний мэргэжил таныг дэлгэцийн бүтээлд мөнхөлж, үүрдийн залуу байхад тусалжээ дээ?

-Тийм ээ, би залуухан шүү (инээв). Бүтээлч байж, тархиа байнга ажиллуулж байхгүй л бол залуу байсан ч, аажмаар үхнэ. Хэдий би заримдаа туйлдаж, мэргэжлээ орхих талаар боддог ч зүгээр зодог тайлахыг хүсдэггүй. Гэхдээ энэ бүхэн надад таалагддаг хэвээрээ байгаа. Тиймээс үүнийг хийж чадахгүй болтлоо үргэлжлүүлсээр байх болно. Энэ л миний хийхийг хүсэж байгаа зүйл.

-Тэгэхээр залуу үеийнх шигээ жүжиглэх, дүр бүтээх сонирхол тань хэвээрээ байгаа байх нь ээ?

-Урьд нь би жүжиглэх урлагт дурладаг байлаа. Одоо бол зүгээр л дуртай болжээ. Бас мэргэжлээрээ туршлагажиж, дүр бүтээхэд илүү хялбар санагддаг болсон нь таалагдаж байна.

Би театр, тайзны урлагт дүр бүтээж байгаагүй. Надад театрын урлаг шоронд байгаа юм шиг санагддаг. Харин эсрэгээрээ тайзны урлагт дүр бүтээж байгаа жүжигчнийг биширдэг. Би өөрийн амьдралаараа амьдарч, хажуугаар нь жаахан цаг гаргаад бага зэрэг л жүжиглэхийг хүсдэг хүн.

-Одоогийн амьдралын хэмнэлийнхээ талаар ярьж өгөхгүй юү. Дээр дурдаж байсан шиг одоо ч гэсэн амьдрал тань бодит байдлаас зөрөх тохиолдол гарч байгаа юу?

-Би бүтээлч амьдралтай. Чөлөөт цагаараа төгөлдөр хуур тоглож, ном уншиж, зурж, хөгжим зохиодог. Энэ бүгдийг сайн хийж чаддаг эсэхээ мэдэхгүй ч хийсээр л байдаг. Жүжиглэлт бол миний амьдралдаа нөхөж хийдэг зүйлийн нэгэн өчүүхэн хэсгүүдийг нэг юм шүү дээ.

-Та өөртэйгөө тийм их эв нэгдэлтэй байдаг хүн юм уу?

-Бага байхдаа юу мэддэг, ямар мэдрэмж төрж байгааг мэддэг, мэдэрдэг байсан ч болоосой. Тэгсэн бол амар амгалан байх сан. Бүх л хүн залуудаа эрч хүчтэй, бүх зүйлийг чухалчилдаггүй. Харин цаг хугацаа өнгөрсний дараа эргэж харснаа “Энэ юу байсан бэ” гэдэг. Үнэн хэрэгтээ бидэнд юу ч чухал биш. Тиймээс зүгээр л өөрийнхөө төлөө амьдарцгаа. Бид энэ орчлонд удахгүй.

-Эсрэгээрээ таныг хөгшрөхдөө тааламжтай байгаа талаар сонсож байлаа. Үнэн гэж үү?

-Толинд харах бүртээ үрчлээ хардаг ч надад хамаагүй ээ. Сайхан цаг хугацаа. “Мөнх бус байдал бол аврал. Хүнийг бүхнээс аварч, салгах, амьдралыг нь сайхан болгодог” гэдгийг мэдэх үү. Мэдэхгүй бол Карл Юнгийг унш. Мөнх бус байдал бидний амьдралыг илүү баялаг болгодог. Бидний хэн нь ч яаж, ямар царайтай болж хөгшрөхөө мэдэхгүй байна гэдэг ч хөгжилтэй зүйл шүү дээ.

-Эцэст нь асуухад, та өөрийгөө хүсэж, мөрөөдсөн бүхэндээ хүрч чадсан гэж боддог уу?

-“Бүх зүйл” гэж хэлэхээс илүүд хүрсэн. Би маш азтай хүн.

 

Холбоотой мэдээ