Бодит судалгаа: ‘Pfizer’ вакцины хоёр тун ‘Омикрон’-ы эсрэг 33 хувь хамгаалжээ

2021-12-15 211 0

АНУ-ын биотехнологийн “Pfizer” болон Германы “BioNTech” компанийн эрдэмтэд мягмар гаригт “SARS-CoV-2” вирусийн Омикрон хувилбар дээр хийсэн Коммирнати вакцины бодит судалгааны үр дүнг танилцууллаа.

Энэ нь дэлхийн хэмжээнд Омикрон хувилбар дээр хийгдсэн “COVID-19”-ийн эсрэг вакцины анхны бодит судалгаа юм. Судалгааг Өмнөд Африкийн Анагаах ухааны судалгааны зөвлөл болон тус улсын хамгийн том эрүүл мэндийн даатгагч болох “Discovery Health” компанитай хамтран ӨАБНУ-д явуулсан байна. Судалгаанд “COVID-19”-ийн халдвар авсан нийт 211 мянга гаруй хүний мэдээллийг ашигласан бөгөөд үүнээс 78 мянга гаруй нь Омикрон хувилбараар халдварласан байжээ.

Тэгвэл судалгааны тайланд дурдсанаар 2021 оны арваннэгдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 7-ны хооронд Коммирнати вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст Омикрон хувилбарын эсрэг ердөө 33 хувийн хамгаалалт үүссэн гэх үр дүн гарчээ. Дельта хувилбарын эсрэг үр дүнг судалсан бодит судалгаагаар уг вакцин нь 80 хувийн үр дүнд хүрч байв. Мөн Дельта хувилбар дээр хийсэн судалгаагаар 93 хувьд хүрч байсан хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэх эрсдэлээс сэргийлэх байдал 80 хувь болж буурсан байна.

Үүнээс өмнө “Pfizer” компани Коммирнати вакцины гурван тунд хамрагдсан хүмүүст Омикрон хувилбарын эсрэг дархлааны хариу урвал үүсгэх чадвар Дельтад үзүүлэх хариу урвалаас 37 дахин бага байна гэх судалгааг танилцуулаад байсан юм.

Түүнчлэн мягмар гаригт танилцуулсан судалгаанд ӨАБНУ-д Омикрон хувилбарын давлагааны үед халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах байдал Дельта вариантын тархалттай харьцуулахад өндөр байгааг дурдсан байна. Гэсэн ч халдвар авсан хүмүүс хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэх байдал гурав дахь давлагаатай харьцуулахад 29 хувиар бага байна гэх дүгнэлтийг хийжээ.

Гэвч дөрөв дэх давлагааны үед бага насны хүүхдүүд “COVID-19”-ийн халдвараар хүндээр өвдөж, эмнэлэгт хэвтэх тохиолдол цар тахлын анхны давлагаатай харьцуулахад 20 хувиар өндөр байгааг анхааруулсан юм.

ӨАБНУ-ын Эрүүл мэндийн яам өнгөрсөн сард цар тахлын дөрөв дэх давлагааг бий болгосон Дельта вариантаас илүү хурдан халдварлах чадвартай Омикрон хувилбар бүртгэгдсэн талаар дэлхий нийтэд анхааруулсан. Өнөөдрийн байдлаар тус улсад өдөрт илрэх халдварын тоо 22 мянга даваад байгаа юм.

Тэгвэл ӨАБНУ-ын эрдэмтэд өнгөрсөн сард “COVID-19”-ийн халдвар авсан нийт 630 хүний сорьцод геномын дараалал тогтоох шинжилгээ хийхэд 78 хувьд нь Омикрон хувилбар илэрч байжээ. Харин энэ сарын байдлаар нийт 61 сорьцод шинжилгээ хийгээд байгаагаас бүгдэд нь Омикрон хувилбар бүртгэгдсэн байна.

 

Эх сурвалж: Itoim.mn

Холбоотой мэдээ