Л.Оюун-Эрдэнэ: ‘Оюу Толгой’-н хөрөнгө оруулагчаас дараах 5 саналыг тавьж, ‘Дубайн гэрээ’ өнөөдрөөс цуцлагдлаа

2021-12-13 95 0

Монголын Засгийн газраас Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээний үр дүн, явцын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр дөнгөж сая МАН-ын бүлэг уг асуудлаар мэдээлэл өгч, дараа нь хэвлэлийн хурал зарласан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын 92-р тогтоолын дагуу Оюу Толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ажлын хэсэг жил гаруй хугацаанд ажиллаж байна. Өнөөдөр Оюу толгой хөрөнгө оруулагч Туркойз Хилл ресурс болон “Рио Тинто”-гийн удирдлагаас Монголын Засгийн газар, Ерөнхий сайд миний биед хаягласан захидал илгээсэн. Энэхүү захидлын товч агуулгыг танилцуулъя. Саяхан “Рио Тинто”-гийн удирдлагууд Монгол Улсад ирж ажиллахад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэх, 2015 онд байгуулсан Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, Эрдэнэс-Оюу Толгой талд үүссэн өрийг тэглэх, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлж, илүү нээлттэй ил тод ажиллах саналыг тавьсан. Эдгээр саналыг хөрөнгө оруулагч тал ТУЗ-дөө танилцуулж, дараах таван саналыг тавьж байгаагаа захидлаар мэдэгдлээ Үүнд,

Нэгд, Оюу толгой төслийн Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэнэ. Цаашид 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй.

Хоёрт, Далд уурхайн бүтээн байгулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг энэ захидал ирүүлсэн өдрөөр дуусгавар болгож байгааг мэдэгдэж байна.

Гуравт, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт буюу өмнө батлагдсан төсөвт Монголын Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах боломжтой. Энэ хөндлөнгийн аудитад үндэслэн хэрвээ Монголын нутаг дэвсгэрт зарцуулаагүй төсөв санхүү илрүүлвэл бид тухайн санхүүжилтийг төлөхөд бэлэн байна.

Дөрөвт, Гүний уурхайн ашиглалтад ороогүй удсан. 2023 оны нэгдүгээр улирлын хагас хүртэл үргэлжлэх гүнийн бүтээн байгуулалтын цаашид гарах зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.

Тавд, Оюу Толгой төсөл Монгол Улсын нэгдсэн эрчим хүчний системээс цахилгаан авах гэрээ байгуулах, байгаль орчин болон бусад асуудлаар засаглалын ил тод байдлыг хангаж ажиллахаа илэрхийлсэн байна. Хоёр талын Ажлын хэсгийн хэлэлцээ тодорхой үр дүнд хүрвэл 2022 оны нэгдүгээр улирлаас гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг хэвийн үргэлжлүүлэхэд бэлэн байгаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ажлын хэсгийнхэнд, талархал илэрхийлж байна. Хөрөнгө оруулагч тал тодорхой буулт хийж, үр дүн гарлаа гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна гэлээ.

Холбоотой мэдээ