‘Нарны сүүдэр’ уран сайхны кино нээлтээ хийлээ

2021-12-11 201 0

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны санаачилгаар бүтээсэн “Нарны сүүдэр” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийлээ. Уг кинонд нийгэмд байдаг ч бидний тэр бүр анзаардаггүй хэвшмэл болсон хүчирхийллийн асуудлыг өсвөр насны хүүхдийн амьдралаар тусган харуулахыг зорьжээ.

“Нарны сүүдэр” уран сайхны киноны туслах найруулагч Э.Лувсандаш “Жендэрийн тэгш бус байдлын эсрэг аян”-д манай улс 27 жилийн турш нэгдэн оролцож ирсэн. Уран бүтээлдээ бид хүчирхийллийн хэд хэдэн сэдвийг хөндөж өгсөн бөгөөд энэхүү кино ашгийн бус гэдгээрээ онцлогтой. Манай кино олон нийтийн мэдээллийн сувгаар үзэгчдэд хүрэх болно. Бид кинонд өсвөр насны хүүхдүүдийн амьдрал, тэдэнд тулгардаг бэрхшээлүүд, өөрсдөө ч анзаардаггүй хүчирхийллийн шинжтэй далд үйлдлийг асуудал болгон хөндсөн юм.

Ажлын байр, найз нөхөд, гэр бүлийн хүрээлэлд аль эсвэл сошиал гадуурхалт гэх мэт бидний мэддэг мөртлөө тэр бүр анзаардаггүй үйлдлүүд далд хэлбэрт хүчирхийлэл байсаар байна.

Хүчирхийллийн сэдэвтэй маш олон уран бүтээлүүд хийгддэг. Гэхдээ хүчирхийллийн хэлбэрийг хэтэрхий их тодотгосон байх нь элбэг. Энэ нь эргээд хүчирхийлэл үйлдэх сэдлийг өгч байж болзошгүй. Тиймээс “Нарны сүүдэр” уран бүтээлд хэн ч хохирох ёсгүй, харах өнцөг, хандлагаа өөрчилж чадвал хүчирхийллээс ангижирч болох юм гэх санааг үзэгчдэдээ өгөхийг хичээсэн” гэлээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш олон нийтийн дунд мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүчирхийлэлд хандах хандлагыг өөрчлөх ажлыг төрийн болон ТББ-ууд хамтран шат дараатай хийсээр ирсэн. Иймд өнөөдөр иргэд энэ талын тодорхой ойлголт мэдээлэлтэй болсон гэж харж байна.

Жил бүр “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аяныг зохион байгуулдаг. Тэр дундаа ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд олон нийтэд эрх зүйн мэдлэг ойлголт өгөх, хүчирхийллийн хор уршгийг таниулах зорилгоор нэг удаагийн шинжтэй аян арга хэмжээг олон удаа зохион байгуулсан. Энэ жилийн аяны хүрээнд шинэ контент санаачилга гаргахаар болсон. Ийнхүү бидний төсөл амжилттай хэрэгжиж нээлтээ хийж байгаад баяртай байна” гэлээ.

 

Б.Болор

Холбоотой мэдээ