Дотоодод шатахууны хомсдол үүсгэхгүй байх хүрээнд БНХАУ-тай авах эхний ээлжийн шатахуун хил дээр ирсэн талаар УУ-н сайд Г.Ёндон мэдээллээ.
ОХУ-д шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор тус улс тодорхой хугацаанд Монгол Улсад АИ-98, АИ-95 бензин нийлүүлэлтээ хязгаарлаж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс шатахууны нөөцийг хэвийн хэмжээнд барихаар БНХАУ-тай хэлэлцээр хийж байгаа талаар АМГТГ өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Тэгвэл тус улсын “China oil” компанитай хэлэлцээр хийснээр ийнхүү эхний ээлжийн шатахуунаа авахад бэлэн болсон байна.
“Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар АИ-80,АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй. Өдөр бүр валютын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байна” хэмээн УУ-н сайд Г.Ёндон хэлжээ.
Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа. Тус үйлдвэр 1.5 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай бөгөөд жилд:
- 824 мян.тонн дизель түлш
- 339 мян.тонн авто бензин
- 80 мян.тонн онгоцны түлш
- 47 мян.тонн зуухны түлш
- 43 мян.тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэж дотоодын хэрэглээний 55% хангана хэмээн Засгийн газраас мэдээлсэн юм.
АМГТГ-ын мэдээлж байгаагаар манай улс шатахууны 30 хоногийн нөөцтэй байна.
Эх сурвалж: Ikon.mn
0 cэтгэгдэлтэй