Д.Оросоо: Үг хэлэх эрх гэмт хэрэгт тооцогдох болсон

2021-12-10 230 0

Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн судлаач, МУИС-ийн докторант, хуульч Д.Оросоотой “Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй практик” судалгааны ажил буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн талаар ярилцлаа.

-Худал мэдээлэл гэж юу вэ, бид юуг ойлгох ёстой вэ, худал мэдээллийн сөрөг үр дагаврын талаар яриагаа эхэлье.

-Худал хэлэх нь замбараагүй байдалд хөтлөх дардан зам гэдэг. Худал нь бусад олон худлыг араасаа дагуулдаг. Худал хэлснээр бид бусдад хорвоог байгаагаар нь харахад саад болж байгаа юм. Худал хэлнэ гэдэг бол үнэнч харилцаа хүсэж байгаа бусдыг зориуд төөрөгдүүлэх үйлдэл гэж ойлгож болно. Хуурамч мэдээлэл ардчилалд итгэх итгэлийг сулруулж, олон нийтийн санаа бодлыг хутган үймүүлж, будлиан тарьж, мэдээллийн эмх замбараагүй байдал үүсгэн, хүмүүсийг өдөөн турхирч, төөрөгдүүлэн, хүмүүст сөрөг сэтгэлийн хөдөлгөөн айдас түгшүүр төрүүлж, бие биеэ үзэн ядахад хүргэж байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2020 оны дөрөв, тавдугаар сард 5G цамхгууд COVID 19 үүсгэдэг вирус тараахад нөлөөлдөг гэх цахим худал зурвасын улмаас Их Британид харилцаа холбооны компаниудын хэдэн арван инженер халдлага, дарамт, хүчирхийлэл, доромжлолд өртөж, гар утасны 90 цамхаг шатаасан хэрэг гарсан. Энэ бол хуурамч мэдээллийн уршиг.

Худал мэдээлэл тархвал түүнийг залруулах, арилгах, няцаах, худал мэдээллийн эсрэг бодит үнэнийг түгээх нэн төвөгтэй. Бараг хохироод өнгөрөхөөс өөр сонголт үлдээхгүй байна.

Хуурамч мэдээллийг зөвхөн хувь хүн тараадаг гэж ойлгож болохгүй. Тодорхой арга технологи ашиглан зохион байгуулалттайгаар мэдээллийг гуйвуулж, олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээллийг тараах, дамжуулах асуудал нь зөвхөн хувь хүний алдаа байдаггүй, түүнд улс орнууд, Засгийн газар, улс төрчид, нам, хэвлэл мэдээлэл, компани, эдийн засаг, улс төрийн бүлэглэл, олон улсын үндэстэн дамнасан корпорац, залилан мэхлэгч, ашиг хонжоо хайсан этгээд гээд нийгмийн олон хүрээний оролцогч санаатай, санамсаргүй байдлаар оролцдог, “нийтийн талбар” гэж ойлгох хэрэгтэй.

Энэ асуудал зөвхөн орчин үед гарч ирээгүй, олон зуун жилийн өмнө ч байсан сөрөг үзэгдэл. Гол нь өнөөдөр яагаад ингэтлээ нөлөө үзүүлэх болов гэхээр өмнө нь өнөөдрийнх шиг мэдээллийг өргөн хүрээнд шуурхай дамжуулах технологи, олон нийтийн сүлжээ байсангүй.

Интернэт, мэдээлэл дамжуулах олон нийтийн сүлжээ бий болсон шүү дээ. Орчин үеийн нийгэм хөгжих, интернет, олон нийтийн сүлжээ, мэдээллийн хурд тэлэх хэрээр мэдээллийн орон зай хуурамч мэдээллээр дүүрч, худал хуурмагт автах болсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалт нь эрх зүйн маш том хийдэл, давхардалтай.

Худал мэдээлэл тархвал түүнийг залруулах, арилгах, няцаах, худал мэдээллийн эсрэг бодит үнэнийг түгээх нэн төвөгтэй. Бараг хохироод өнгөрөхөөс өөр сонголт үлдээхгүй байна. Мэдээллийг хэдхэн хормын дотор, дэлхий даяар тараах боломжтой болсон энэ цаг үед гэнэт хуурамч мэдээлэл тархах нь шинэ төрлийн аюулд тооцогдох болсон.

Худал мэдээллийг ангилж үздэг үү?

-Агуулга, хэлбэрийн хувьд хуурамч мэдээлэл, алдаатай мэдээлэл, буруу сэдэлтэй мэдээлэл гэж ангилж авч үзэх болсон.

Хуурамч мэдээлэл гэдэг нь хор уршиг учруулах, гутаах сэдлээр худал мэдээллийг зориуд боловсруулж, олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор тарааж буй мэдээлэл, алдаатай мэдээлэл гэдэг нь төөрөгдүүлсэн, худал мэдээллийг санамсаргүйгээр, бусдыг гутаах, хор уршиг учруулах сэдэлгүйгээр, худал гэдгийг ухаж ойлгохгүйгээр дамжуулах, тарааж буй мэдээлэл байдаг.

Буруу сэдэлтэй мэдээлэл нь хүний нэр төрийг гутаасан, хор уршиг учруулж байгаа ч үнэн, бодитой мэдээлэл байдаг юм.

-Худал мэдээлэл тараах үйлдлийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх болсон. Энэ талаар судалгаа хийсэн хүний хувьд дүгнэн хэлбэл?

-Манай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалт нь эрх зүйн маш том хийдэл, давхардалтай. Энэ бол тун ноцтой асуудал. Эрүүгийн хуулиар өмнө дурдсан худал мэдээллийн хэлбэрүүд болох I)хуурамч мэдээлэл, II) алдаатай мэдээлэл, III) буруу сэдэлтэй мэдээлэл тараасан бүх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэс бүрдсэн.

Худал мэдээллийг санамсаргүйгээр, бусдыг гутаах, хор уршиг учруулах сэдэлгүйгээр, худал гэдгийг ухаж ойлгохгүйгээр дамжуулсан, тараасан хүмүүс хүний нэр төрийг гутаасан агуулгатай, хор уршиг учруулж байгаа боловч үнэн, бодитой мэдээлэл тараасан хүмүүс эрүүгийн гэмт хэрэгтэн болж байна.

Алдаатай мэдээлэл буюу төөрөгдүүлсэн, худал мэдээллийг санамсаргүйгээр, бусдыг гутаах, хор уршиг учруулах сэдэлгүйгээр, худал гэдгийг ухаж ойлгохгүйгээр дамжуулсан, тараасан хүмүүс хүний нэр төрийг гутаасан агуулгатай, хор уршиг учруулж байгаа боловч үнэн, бодитой мэдээлэл тараасан хүмүүс эрүүгийн гэмт хэрэгтэн болж байна.

Энэ шинжээр нь авч үзвэл Монголд үг хэлэх эрх гэмт хэрэгт тооцогдож байна гэсэн үг. Илт худал, гүжирдлэг, гүтгэлэг санаатай тарааж байгаа тохиолдолд тодорхой хууль зүйн хариуцлага яригдана. Харин алдаатай мэдээлэл тараах, шэйр хийсэн, нэр төр гутаасан боловч үнэн, бодитой мэдээлэл тараасан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй. Гэтэл эсрэгээрээ байгаа нь мэдээллийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг зөрчиж байгаа юм.

Мөн хууль тогтоогч уг гэмт хэргийг “олон нийтэд тараасан бол” гэж объектив талын шинжээр нь тодорхойлж, субъектив талын шинжийг “бүрхэгдүүлсэн”, худал мэдээлэл нь “гутаасан”, “гутаах” агуулга, зорилготой байх эсэхийг тодорхойлоогүй нь эрх зүйн хийдэл юм.

-Энэ төрлийн хэргийг шалгасан, шийдвэрлэсэн тоо статистик ямар түвшинд байдаг вэ ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-р зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргээр 2020 онд 251 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулаад 121 хэргийг хааж, 8 хэргийг нэгтгээд 17 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.

105 хэргийн үлдэгдэлтэй байсан. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны үлдэгдэл 105 хэрэг дээр шинээр 119 хэрэг, эрүүгийн хэрэг үүсгээд яллагчаар татсан 6, нийт 230 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаа явуулаад 89 хэргийг хаан 4 хэргийг нэгтгээд 1 хэргийг хэрэгсэхгүй болгож, 8 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.

Харин жилд дунджаар 200 гаруй “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт иргэд эрүүгийн журмаар шалгагдаж байна гэсэн үг. Ихэнх нь хэрэгсэхгүй болж байна гэдэг бол анхнаасаа хэрэг биш гэсэн үг

128 хэргийн үлдэгдэлтэй байна гэсэн мэдээ ирүүлсэн байдаг юм. Харин 2020 онд шүүхээр энэ төрлийн арван гэмт хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүхээр жилд 10 орчим хэрэг шийдэж байна. Харин жилд дунджаар 200 гаруй “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт иргэд эрүүгийн журмаар шалгагдаж байна гэсэн үг. Ихэнх нь хэрэгсэхгүй болж байна гэдэг бол анхнаасаа хэрэг биш гэсэн үг. Тэгэхээр үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн иргэд “Худал мэдээлэл тараах” гэмт хэргээр хуулийн байгууллагад дуудагдаж, хэлсэн үг, мэдээлэл, пост оруулсныхаа төлөө мэдүүлэг, тайлбар өгч, хууль хяналтын байгууллагад шалгуулсан нь үг хэлэх эрх “гэмт хэргийн сэжигтэн” болсон гэсэн үг.

-Судалгааны баг 2020, 2021 онд шүүхээр шийдвэрлэсэн “худал мэдээлэл” тараах гэмт хэргийн зарим шүүхийн шийдвэрт шинжилгээ хийжээ. Шүүхийн практикт энэ төрлийн хэргийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Эрүүгийн хуулийн “худал мэдээлэл тараах” хэргийг шийдвэрлэсэн шүүхийн практикийг судлахад хүний нэр төрийг илт гутааж, худал мэдээлэл тараасан гэм буруутай хүмүүст зохих ял шийтгэл оногдуулсан зөв жишиг байна. Яагаад гэхээр хүний нэр төрийг санаатай гутааж худал мэдээлэл тараах нь ноцтой үйлдэл шүү дээ. Ийм үйлдэлд хариуцлага хүлээлгэх ёстой.

Гэхдээ хууль хэрэгжүүлэх явцад хүний эрхийг зөрчсөн, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн цөөнгүй тохиолдол гарсан нь манай судалгаагаар ил болсон.

-Тухайлбал ямар зөрчил, тохиолдол гарч байна вэ?

-Тодорхой үйл баримт, үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгсөн, бодит баримтыг бүрэн гүйцэд бус, алдаатай мэдээлэл тараасан, нэр төрийг нь гутааж байгаа ч тухайн этгээдийн зан төлөв, үйл ажиллагаанд илэрсэн асуудлыг ил болгосон, хөндсөн, хардсан, шүүмжилсэн, бодит байдалд ташаа дүгнэлт хийсэн, эх сурвалжаа бүрэн нягтлаагүй, сэтгүүлчийн мэргэжлийн алдаа, дутагдал зэрэг тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Энэ нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, мэдээллийн эрх чөлөөнд ихээхэн хор уршиг учруулж, ардчиллын жам ёсны хөгжилд чөдөр тушаа болж байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЗҮЙГ БҮРЭН ХЯЗГААРЛАСАН

-Сэтгүүлчийг энэ хэргээр шийтгэсэн тохиолдол хэд байдаг вэ?

-Бидний явуулсан судалгааны хүрээнд нэг хэрэг дээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан худал мэдээлэл тараасанд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээсэн байсан. Сэтгүүлчийн үйл ажиллагаанд алдаа байвал тэр нь мэргэжлийн алдаа болно. Мэргэжлийн алдааг санаатай гэмт хэрэгт тооцож болохгүй. Мэргэжлийн алдаа, эрүүгийн хэрэг гэхэд хэцүү иргэний журмаар шийдвэрлэх асуудал байсан.

skip-share
Эргэлзээтэй бүх мэдээллийг эрүүгийн журмаар шалгах боломжтой эрх зүйн орчинтой тохиолдолд эрэн сурвалжлах сэтгүүлзүй хөгжих хууль зүйн ямар ч баталгаа байхгүй.

-Эрүүгийн хууль эрэн сурвалжлах сэтгүүлзүйд ямраар тусч байгаа вэ?

-Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн заалт эрэн сурвалжлах сэтгүүлзүй явуулах боломжийг маш хумигдмал болгосон. Яагаад гэхээр, алдаатай болон бүрэн гүйцэд бус мэдээлэл түгээлээ гэж бодоход түүнийг нь эрүүгийн хуулиар шалгах бололцоотой. Эргэлзээтэй бүх мэдээллийг эрүүгийн журмаар шалгах боломжтой эрх зүйн орчинтой тохиолдолд эрэн сурвалжлах сэтгүүлзүй хөгжих хууль зүйн ямар ч баталгаа байхгүй.

-Тэгвэл цаашид яах ёстой вэ, ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалтын хийдэл, давхардлыг арилгаж, шинэчлэн найруулах, цаашид Эрүүгийн хуулиас халах шаардлагатай. Худал мэдээлэлтэй зөвхөн Эрүүгийн хуулиар тэмцэж чадахгүй. Үг хэлэх эрхийг хязгаарлавал худал мэдээлэл алга болно гэж үзэж болохгүй. Бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахын зэрэгцээ худал мэдээлэлтэй тэмцэх хэрэгтэй.

Өнөөдөр баталгаатай, үнэн зөв мэдээллийн хэмжээ, хүртээмжтэй байдлыг нэмэхийн тулд олон нийтэд мэдээллийн боловсрол олгох, мэдээллийн технологи шинэчлэл, өөрчлөлт ашиглах, мэдээллийг нягтлах үйл ажиллагааг дэмжих, гадаад болон дотоодын гарал үүсэлтэй худал мэдээлэлтэй тэмцэх, тэнцвэржүүлэх, хамгаалах асуудалд улс орнууд ихээхэн анхаарал хандуулж байна. Жишээ нь, Шведэд мэдээллийн үнэн, худлыг ялгах аргачлал, мэдээлэлтэй харилцах, нягтлах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийг дунд сургуульдаа хэрэгжүүлэх болжээ.

Манай улс энэ талаар цаашид эрчимтэй арга хэмжээ авах хэрэгтэй. Худал мэдээллийн эрин үе биднээс илүү сайн боловсрол, үр нөлөөтэй ардчиллын механизмыг шаардах болсон.

Хуурамч мэдээлэл нь үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний халхавч дор олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийг ашиглан тархаж байна, Үүний улмаас худал мэдээллийн хамгийн эхний хохирогч нь “үг хэлэх эрх” болж байдаг.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

Эх сурвалж: Gogo.mn

Холбоотой мэдээ