Н.Анхбаяр: Монгол охинд тохиолдсон асуудлаар Солонгосын талд дөрвөн санал тавилаа

2021-12-03 222 0

БНСУ-ын Ерөнхий боловсролын сургуульд сурдаг монгол охиныг сургуулийнх нь нэр бүхий хүүхдүүд зодож, хүчирхийлсэн хэргийн мэдээ өчигдөр Өмнөд Солонгосын хэвлэлээр цацагдсан билээ. Уг хэрэг нь өнгөрсөн долдугаар сарын эхээр гарсан бөгөөд энэ талаарх мэдээлэл Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яаманд ирээгүй байжээ. Хэргийн нөхцөл байдлыг өчигдрийн цацагдсан мэдээллээс Монголын Гадаад харилцааны яам мэдсэн байна. Үүссэн нөхцөл байдлын талаар мэдээллийг тодруулах үүднээс БНСУ-аас Монгол Улсад сууугаа Элчин зөвлөх, Консулын албаныхантай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уулзсан байна. Уулзалтын үед Гадаад харилцааны яамнаас дараах дөрвөн саналыг Солонгосын талд тавьжээ. Үүнд,

Нэгд, хүүхдийн болон хүүхдийн эцэг, эхийн аюулгүй байдлыг анхаарч, арга хэмжээ авах.

Хоёрт, цаашдаа хүний эрхийг ноцтой зөрчсөн хэргийн талаар харилцан мэдээллээ солилцоход онцгой анхаарах.

Гуравт, хэргийг БНСУ-ын хуулийн дагуу ил тод, нээлттэй шийдвэрлэж гэм буруутай нь тогтоогдвол холбогдох хариуцлага хүлээлгэх.

Дөрөвт, шаардлагатай бол туршлагатай өмгөөлөгч гаргаж өгөх зэрэг саналыг тавьсан байна.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “БНСУ энэ асуудалд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлэн, хэргийн явцын талаар эргэн мэдээлэхээ илэрхийллээ. Хэргийн талаар манай Консулын газар болон яам өчигдөр мэдээ гарахад мэдсэн. Консулын харилцааны Венийн конвенцын дагуу ийм хэргийн талаар мэдээлэх үүрэггүй ч цаашдаа хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг гарвал харилцан мэдээллээ солилцож байх талаар бид саналаа хэлсэн. Дөрвөн хүүхэд байснаас хоёр нь эрүүгийн хариуцлагаас насанд хүрээгүйн улмаас чөлөөлөгдсөн байна. Гэм буруутай нь тогтоогвол ямар төрлийн ял шийтгэл ногдуулах вэ гэдгийг судалж, түүнд хяналт тавина.

Пусан дахь манай Консулын газрынхан охины ар гэртэй байнгын холбоотой байгаа. Гэхдээ энэ асуудлыг олон нийтэд хэтэрхий дэвэргэж тавиарай, хэрэг шалгагдаж байгаа гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна. Хэрэг шалгагдаж байхад асуудлыг хэт дэвэргэвэл асуудал буруугаар эргэх сул талтай. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд суурьтай хандаасай гэж хүсч байна” гэсэн юм.

 

Б.Болор

Холбоотой мэдээ