П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг толилуулна

2021-12-02 207 0

Гоо үзэсгэлэнт хунгуудын домог болох Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” балетыг маргааш буюу 12 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Дуурь,бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна. “Хунт нуур” балет нь дэлхийн хамгийн алдартай театруудад тавигддаг, маш олон үзэгчтэй балет юм.

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. Харин манай улсын тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож, үзэгчдэд хүрч эхэлсэн түүхтэй.

П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичиж байжээ. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг. Балетийн чимэг болсон нэг дүр бол хар хун. Түүний тэр ханхүүг өөртөө татсан ихэмсэг зан, бүжгийн техник үнэхээр биширмээр. Энэ дүрийн хийдэг 32 эргэлт бол бүжигчингээс асар их чадвар шаардсан байдаг. Тиймдээ ч улс орны шилдэг балетчингууд энэ дүрд тоглосон байдаг.

“Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм.

Холбоотой мэдээ