Айлгаж байгаад баярлуулах тактикаа өөрчилж, албан ёсоор ажилдаа хандана уу, Ерөнхийлөгч өө

2021-12-02 57 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч наймдугаар сард зарлиг гарган элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан залууст өөрийн нэрэмжит тэтгэлэг олгохоор болсон.

Тэгвэл уг зарлиг саяхнаас хэрэгжиж эхэлжээ.

Уг зарлигт тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх дотоодын төрийн өмчийн их сургуулийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх тухай заажээ. Мөн дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг олгохоос гадна дотоодын болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан сурагч дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг олгохоор болсон.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдсан залууст батламжийг нь гардуулах ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар хариуцсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудаст Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн харьяат ШУТИС, МИУС, СЭЗИС-д суралцаж буй залууст гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах батламж гардуулан, нутагтаа суугаа эцэг, эхэд нь хамт очин, Ерөнхийлөгчийн зураг бүхий ил захидлыг гардуулж байгааг харуулсан бичлэг тавигджээ.

Амжилттай суралцсан залуусыг сурч, боловсроход нь төрийн зүгээс дэмжлэг үзүүлж буй нь сайшаалтай ч үүнийгээ улстөрчийн сурталчилгаа болгон ашиглаж байгаад нь нийгэм шүүмжлэлтэй хандаж байна.

Тухайлбал, шинэ оюутнаа өрөөндөө дуудсан сургуулийн захирал эмэгтэй “Намайг таних уу. Би танай сургуулийн захирал байна” эсвэл “Чи дөнгөж сургуульд орчихоод яагаад асуудал үүсгээд байдаг билээ. Тэрийгээ мэдэж байна уу” гэхчлэн сургуулийн захирлууд нь асууж, бүлтэгнүүлж байх юм. Мөн сургалтын төлбөр төлөх боломжгүй учир өргөдөл бичиж элсэн орсон зэрэг хүний хувийн асуудлыг яриулж, түүнийг нь бичлэг хийж, эвлүүлж, нэвтрүүлэг болгон сошиалд цацах нь ёс зүйд нийцэх үү гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрынхнаас асуумаар.

Ерөнхийдөө тэтгэлэгт хамрагдсан залуусыг айлгаж, ичээж байгаад баярлуулах, алс хол суугаа аав ээж дээр нь хүүхдийг нь гэнэт дагуулж очих зэрэг үйл явдлаар дүүрэг гурван цуврал нэвтрүүлэг одоогийн байдлаар цацагдаад байна.

Тэгвэл нийслэлийн 171 хорооноос гадна 21 аймгийн 330 сум тус бүрээс амжилттай суралцсан залууст тэтгэлэгт хамрагдах батламжийг нь гардуулна. Тэр тоолонд Ерөнхийлөгчийн Тамгын газраас аймаг болгон руу нисэж, аймгаасаа сум руу жийп машин хөлөглөн давхиад байх хэрэг үү.
Уг нь энэхүү арга хэмжээний зорилго нь шоу контент бэлдэх биш боловсролын тэгш бус байдлыг арилгаж, чадвартай залуусыг төрийн бодлогоор дэмжсэний дүнд дэлхийд өрсөлдөх боловсон хүчнийг бэлтгэх боломж нээгдсэнийг харуулах баймаар. Гэтэл үндсэн агуулгаасаа хазайгаад өөрийгөө тахих шүтүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлах тал руу хэлбийгээд байна.

Ямартай ч төрийн тэргүүний санаачилсан ажил хэрэгжиж эхэлж. Харин санаачилсан ажлынхаа үр дүнг үзэхээсээ урьтаж, өөрийнхөө хөргөөс адис авахуулах хэмжээнд хүртэл битгий шоудаач. Хувь улстөрчийн тоглолтоо орхиод төрийн тэргүүний хувиар аливаад хандаж эхэлнэ үү, Ерөнхийлөгч өө.

Холбоотой мэдээ