Тар нь танигдаж эхэлсэн гишүүд төсвөөр хэрхэн тоглодог нь өнгөрсөн өдрүүдэд харагдаж байна. Тэр тусмаа Монгол Улсын төсвийн хуулийг батлахдаа зүгээр л сүрийг үзүүлж, сүрхий царайлж, УИХ-ын дарга “БАТЛАГДЛАА” хэмээн алх цохисны дараа баярын цэнгүүн хийцгээдэг нь өөрсдийн халаасыг түнтийлгэх боломжоо ашигласнаа тэмдэглэдэг болж таарлаа.
Тодруулбал, Соёлын сайд Ч.Номингийн төсвийн багцад Богд Зонховын хөшөө босгоход зориулж 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөг тусгагдчихсан явахад бараг хэнбугай нь ч мэдээгүй байсан бололтой. Цаашлаад яг хэнбугай санаачилсан нь ч тодорхойгүй болж ч мэдэх нь . УИХ-ын гишүүн Ш.Адышаа өөр бусадтай нийлж санаачилсан ч яг хэн гэдгийг нь санахгүй байна гэнэ билээ. За ингээд төсөл санаачлагчид нь тодорхойгүй энэхүү төсөлд зарцуулахаар тусгасан төсвийг УИХ-ын гишүүд хараагүй,
мэдээгүй хэрнээ санаа нэгтэйгээр КНОП дараад, дэмжээд явуулчихсан нь тэднийг ажлаа хэрхэн хийдгийн баталгаа болж орхилоо. Нэгэнт олон нийтийн анхаарлыг татаж, бухимдлыг төрүүлчихсэн болохоор уг хөшөөг барих мөнгийг өгөхгүй гэж Ч.Номин сайд нь мэдэгдсэн. Түүний араас Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Соёлын сайд Ч.Номин “Богд Зонхова” цогцолборын төслийг санхүүжүүлэхгүй гэдэг саналаа Засгийн газарт оруулах эрхтэй” гэх тайлбар өгчээ.
Ёстой л ниргэсэн хойно нь хашхирав гэгч болно гэсэн үг. Эзгүй гишүүдийн өмнөөс КНОП дардаг, ирц хүрдэггүй гэх шалтгаанаар УИХ-ын гишүүд өдгөө КАРТ-аар бүхнийг шийддэг болсон. Товчхондоо карт нь байхгүй бол ямар нэгэн байдлаар САНАЛ ӨГӨХ боломжгүй гэсэн үг. Гэтэл ингээд ч тусыг олсонгүй. Иргэдийг төлөөлж, төр улсаа төвхнүүлэхээр сонгогдсон УИХ-ын гишүүд ядаж Төсвийн хуулиа уншдаггүй нь тэдний ЯМАР ХАРАНХУЙ, БҮДҮҮЛЭГ БОЛОХЫГ нь нэгэнт харуулчихлаа.
Товчхондоо энэ удаагийн явдлаас өнөө гишүүд маань, бүр сөрөг хүчнийхэн ч ТӨСВИЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ эргүүлж, харж, нягталж үздэггүй гэдэг нь тодорхой боллоо. УИХ байтугай Засгийн газрын гишүүд нь ч тоож хардаггүй, тогтож суудаггүй гэдэг нь батлагдлаа. Өөрийнх нь мөнгө “идэх” асуудал л биш бол ерөнхийдөө илээд өнгөрчихдөг, улсын явдал “түй ч хамаагүй” гэсэн байр суурьтай явсаар ирсний баталгаа. Тиймээс ч Засгийн газраас
өргөн мэдүүлсэн хуулийн төсөл байхад Ч.Номин сайд нь ч сайн мэдэхгүй хамтдаа нэг кабинетад ажиллаж байгаа Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар ч нь огт ойлголтгүй байгаа хэрэг. Төсвийн зарим том буюу их хэмжээний тоог анхаарч, багавтар хөрөнгийг бол гарын салаагаар урсгаж байна. Ёстой л “тоон дотор үсэг” гэгчээр Төсвийн хуульд хэчнээн жижиг тоо нуугдаж явдгийг Сангийн яамныхан л сайн мэдэх байх даа, хөөрхий.
Эх сурвалж: Erennews.mn
0 cэтгэгдэлтэй