УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд хийгдэх ажлуудын талаар хэлэлцжээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд байгаа нэг асуудал нь онгоцны шатахуун. Засгийн газар өнгөрсөн сард хуралдаад хувийн хэвшлийнхний хариуцаж байсан онгоцны шатахууныг төрийн өмчит компаниар дамжуулж явуулах нь зүйтэй хэмээн УИХ-д хуулийн төслийг өргөн барьсан. “Эрдэс ойл” хэмээх төрийн өмчит компани ОХУ-ын Роснефть компанитай хамтран онгоцны шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнэ бууруулах зорилготой байна. Хувийн хэвшлүүд хийгээд эхлэхээр дэлхийн зах зээлээс тонн тутамдаа 187-225 ам.долларын өртөг өндөр байна гэж үзэж байгаа. Тиймээс ОХУ-тай хамтарсан компани байгуулж, үнэ бууруулах арга хэмжээ авахын тулд нэмэлт өөрчлөлт хийж байгаа. Үүнийг Засгийн газар яаралтайгаар өргөн барьсан. Үүнийг МАН-ын бүлэг дэмжсэн. Гэхдээ гэрээнд тусгах хэд хэдэн асуудал байна.
Нэгд, үнийг бууруулах. Хоёрт, зөвхөн олон улсын нисэх онгоц биш, орон нутгийн шатахууны үнийг бууруулах чиглэлд анхаарах. Гуравт, дэд бүтцийн түрээсэнд анхаарах зэрэг асуудлуудыг гишүүд хэллээ.
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах нь хамгийн том тулгамдаж буй асуудал. Засгийн газраас түгжрэлийг бууруулахад онцгой анхаарал тавьж байгаа. Үүнтэй холбогдуулан нийслэлд юу хийхээр төлөвлөсөн талаар Нийслэлээс сонслоо. УИХ дээр Нийслэлийн хөгжлийн түр хороо гэж бий. Тиймээс МАН-ын бүлгээс энэхүү түр хороо нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ. Нийслэлээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хурдан шуурхай хэрэгжүүлж, тодорхой бодит үр дүнд хүрэх шаардлагатай гэдэгт олон гишүүн санал нэгтэй байлаа.
Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ирэх оны төсөвт оруулсан “Богд Зонхова” хөшөөний асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцсэн үү?
-Бүлгийн хурлаар яриагүй. Засгийн газраас мэдээлэл хийсэн байх. Энэ асуудлыг Засгийн газар оруулж ирсэн байна. Нийгмээс хүчтэй шүүмжлэл ирж байгаа. Засгийн газраас энэ хөрөнгийг царцаах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, өөр салбарт зарцуулах талаар Засгийн газар мэдээлэл хийх байх. УИХ ийм санал гаргаад баталсан юм биш.
-Засгийн газраас оруулж ирсэн төсвийг байнгын хороод, гишүүд уншиж байж дэмжсэн байж таарна. Нийгэмд шүүмжлэл дагуулаад эхлэнгүүт болъё гэх хандлагатай боллоо?
-Тодорхой удирдлагуудын түвшинд энэ асуудлаар уулзаж ярилцсан. УИХ төсөв батлахдаа орлого нэмэхгүй, зарлага нэмдэггүй, зарлага хасаж байж зарлага нэмдэг хуультай. Засгийн газар нэгэнт бодлогоо тодорхойлоод энэ асуудал чухал гэж үзээд хөрөнгө оруулалт тавьсан байвал хасаад байдаггүй. Энэ зарчмаар л явсан.
0 cэтгэгдэлтэй