УИХ-ын намрын чуулганы ээлжил хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2022 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах юм. Нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 11 асуудлыг хэлэлцэхээр товолжээ. Төрийн байгууллагын зарим алба хаагч хууль зөрчсөн эсэх асуудлаарх санал дүгнэлттэй холбоотой УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр “Энэ санал дүгнэлтийг би хэд хэдэн удаа хэлэлцэх асуудлын дараалалд оруулж байна. Бид аливаа зүйлийг хоосон лоозон болгож хэрэглэдэг болжээ. Үндсэн хуулийн хүрээнд монгол хүний эдлэх 18 эрх бий. Үндсэн хуулийн 18 дугаар заалтыг зөрчиж байна. Монгол Улсад улс төрийн хоёр нам бий.
Гэтэл өнөөдөр нэг нам нь нөгөөгөөрөө тоглож байна. Ардчилсан намаар ингэж тоглож байхад Монголд хууль хэрэгжиж байгаа гэж итгэхэд бэрх боллоо. Улс төрийн намаар тоглохдоо Улсын бүртгэлийн газрын татан оролцуулж байна. Сая Ардчилсан намын асуудалд Дээд шүүх, Улсын бүртгэлийн газар, Сонгуулийн ерөнхий хороог оролцуулаад самраад хаячихлаа.
Ийм юмаар бид хол явахгүй. Өнгөрсөн хавар Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Гурван удаа хуралдсан байна лээ. Түүнийгээ чуулган дээр оруулж ирж ярьмаар байна. Улсын бүртгэл зэрэг төрийн байгууллагууд дагаж далдганадаг даргынхаа заавраар ажиллаж байна. Энүүгээр далимдуулж хэд хэдэн сонгуульд өрсөлдөгчгүй ялалт байгуулж байна.
МАН 60 гаруй гишүүнтэй болсноос хойш улс орон завхарч байна. Мөнгө төгрөг зах замбараагүй зарцуулж байна. МАН-ынхныг бүгдийг нь буруутгахгүй. Энд эрүүлээр сэтгэдэг, зөв зүйл ярьдаг гишүүд ч бий. Улс орон 2-3 дарангуйлагчийн гарт орчих шиг боллоо. Ц.Элбэгдорж гэж дарангуйлагч гэж байсан бол одоо У.Хүрэлсүх гэж дарангуйлагч гарч ирж байна уу, хаашаа юм” гэв.
0 cэтгэгдэлтэй