Манай улсад сүүлийн үед электрон тамхины хэрэглээ маш их болсон. Гэвч хууль, эрхзүйн зохицуулалт байхгүй учраас бага насны хүүхдүүд ч замбараагүй хэрэглэж эхлээд буй.
Тэгвэл эл асуудлыг цэгцлэх зорилгоор УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Ганхуяг, Д.Өнөрболор нарын гишүүд Электрон тамхины хуулийг санаачилжээ.
Электрон тамхины үр дагаварыг ДЭМБ ч бүрэн тодорхойлж чадаагүй байгаа бөгөөд дэлхийн 40 гаруй улс электрон тамхийг шууд хориглосон байдаг юм байна.
Уг хуулийн төслийн хүрээнд болох хэлэлцүүлгүүдийн үр дүнд энэ тамхийг утаат тамхитай адилтган онцгой татвартай болгох уу, эсвэл хориглох уу гэдгийг шийдэх аж.
Төсөл санаачлагч Т.Аубакир гишүүн хэлэхдээ “Электрон тамхи зохицуулалт байдаггүй учраас арван жилийн хүүхдүүд хавтгайдаа хэрэглэж байна. Ганц айлгаж байгаа зүйл энэ. Эрэгтэй, эмэгтэйгүй арваас дээш насны хүүхдүүд хэрэглэж байна гэдэг бол аюултай. Хуулийн төслөө тун удахгүй өргөн барина” гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй