Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид таван хоног танхимаар хичээллэж, ес хоног цахимаар хичээллэж байгаа.
Тэгвэл цаашдаа 100 хувь танхимаар хичээллэх асуудлыг судлах ажлын хэсгийг өчигдөр Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргажээ. Ажлын хэсгийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвэрсүрэн ахлан ажиллаж байгаа бөгөөд сурагчдыг энгийн горимоор хичээллүүлэх асуудлыг судалж, холбогдох байгууллагуудад санал оруулж, шийдвэр гаргах юм байна.
Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамны дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар улсын 389 сургууль хэвийн горим руу шилжчихсэн байгаа. Энэ бол ихэвчлэн сумын сургуулиуд гэж ойлгох хэрэгтэй. Өчигдөр манай яаман дээр Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулаад сургуулиудыг хэвийн горимд шилжүүлэх асуудлыг судлуулах ажлын хэсэг байгуулсан. Арваннэгдүгээр сарын 1-ээс соёл, спортын үйл ажиллагааг заалны 50 хувийн дүүргэлттэй явуулна гээд жаахан зөөлрүүлчихлээ. Тиймээс үүнтэй уялдуулаад танхимын сургалтын цагаа нэмэгдүүлье гэж байгаа. 5:9 бол ковидын үед маш сайн журам. Гэхдээ багш нарт ачаалал өгөөд байгаа. Ангийг нь хоёр хувааж хичээллүүлээд дээр нь хоцрогдол арилгах хичээл орж байгаа учраас багш нар нэг хичээлийг хоёр, гурван удаа зааж байна. Тиймээс аль болох танхимын сургалтыг нэмэгдүүлье гэсэн байр суурьтай байгаа. Хүүхдүүд сургуулийн орчинд халдвар авах нь маш бага байгаа.
Хэзээнээс эхлэх вэ гэдгийг судлах ажлын хэсэг гаргаад судалж байна. Ажлын хэсэг хувилбаруудыг сайд, удирдлагын түвшинд оруулж ирнэ” гэлээ.
0 cэтгэгдэлтэй