Танхимаар 100 хувь хичээллэх цаг хэзээ вэ? Коронагаас болж 2 жил хүүхдүүдээ боловсрол хэмээх хамгийн чухал зүйлээс нь завсардуулав. Энэ хугацаанд цахимаар орсон гэх ч манай хүүхэд лав дэвтэр дээрээ цэг тавьсангүй. Утсаар сонссон болоод л суугаад байна. Монгол бичиг бүтэн жил цахимаар орсон гэх ч үсгээ мэдэхгүй. Ихэнхи хүүхэд Цахим хичээл хийж байгаа нэрийн дор утас компьютерт донтож, багш хүүхэдгүй дэлгэцийн хамааралтай болж, эрүүл мэндээ алдаж байна.
Эцэг эх нь заачихдаг байсан бол энэ хорвоо дээр багш гэж байгаад ч яах билээ. Хоёр жил завсардсны дараа хичээл сургууль танхимаар эхэлсэн ч хагас дутуу. 100 хувь танхимаар орохыг хүлээсээр дахиад 2 сар алдав. Шийдвэр гаргачдийн танхим, цахим ээлжлүүлэх цаад зорилго нь Коронагийн халдвар биш. Замын түгжрэлээс зугтах гэсэн башир арга. Угаасаа 100 хувь хичээллээд эхэлбэл Улаанбаатар хот хичээл сургууль тарах үеэр зам дээрээ тэг зогсолт хийнэ.
Хүмүүс уурлаж бухимдаж , хотыг ийм болгосон төр засгаа харааж зүхнэ. Харин хүүхдүүдийн 50 хувийг нь гэртээ түгжсэн байхад ийм асуудал гарахгүй. Өнөөдөр л болж байвал болдог хүмүүс л дээ. Сум аймгийн хүүхдүүд дагаж хэлмэгдсээр. Хамгийн аймаар нь эцэг эхийнхээ хөрөнгө орлогоос хамаарч хүүхдүүд тэгш суралцах, адилхан гараанаас гарч өрсөлдөх зарчим алдагдаж, боловсролын тэгш бус байдал бий болж байна. Өндөр төлбөртэй хувийн сургуулиуд 100 хувь танхимаар хичээллэж байна.
Эцэг эх нь боломжийн орлоготой, хүүхдийнхээ боловсролд анхаардаг хэсэг нь хувийн багш авч, сургалтын төвд хичээллүүлж байна. Ингээд жирийн ард түмний хүүхэд замын түгжрэл бууруулах төрийнхөө мэргэн шийдвэрт сурч боловсрох эрх, хүсэл тэмүүлэл, ирээдүйн боломжоо алдаж байна. Хүүхдэдээ цахим хэрэгслийг нь авч өгөх чадамжгүй, интерэнтийнхээ төлбөрийг дийлэхгүй эцэг эхтэй мянга мянган хүүхэд бүр ч илүү хохирч байна.
Өнгөрсөн 2 жил алдагдсан боловсролын цоорхойг нөхөж чаддаггүй юм гэхэд дахиад цахим хичээл нэрийн дор хүүхдүүдээ нэмж хохироосоор байх уу? Олон нийтийн арга хэмжээг нээж болж байхад танхимын сургалтаа 100 хувь болгож болохгүй юу?
Хэзээ танхимын хичээлээ 100 хувь болгох вэ? гэж Боловсролын сайдаасаа асуух цаг болжээ.
Надтай адилхан бодолтой эцэг эхчүүд хэр олон байдаг юм бол доо ?
Сэтгүүлч Б.Отгон
0 cэтгэгдэлтэй