Монгол Улсын Засгийн газрын гишүүд өнөөдөр 2022 оны төсвийн төсвийн төслийн талаар сэтгүүлчидтэй уулзалт хийсэн юм. Уулзалтад Хууль зүйн сайд Х.Нямбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар оролцож, ирэх онд салбартаа хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсан. Энэ үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтар дарханы замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Дарханы зам хэзээ дуусах нь яах вэ. Хамгийн чухал нь энэ ажил эхэлсэнд байгаа юм. Аливаа ажлыг эхэлнэ гэдэг бол ажлын 50 хувь юм. Хоёр, дөрөвдүгээр багц дээр шалгарсан компани хариуцлагагүй хандсан нь үнэн. Бид 2020 оны наймдугаар сараас гэрээ цуцлах асуудал тавьж, маргаан нэлээд гарсан.
Тухайн компани хийгээгүй ажлаа хийсэн мэтээр тайлбарлаж, гүйцэтгэл бичиж үүнийг яам, зөвлөх компани хүлээн зөвшөөрөөгүй. Иймд маргаан гарч улмаар 2021 оны хавар ажлыг хийж чадаагүй. Үүнийг юуг нь нуух вэ. Ингээд бид дахин тендер зарлаж 2021 оны найм, есдүгээр сард гүйцэтгэгч тодорч ажлаа одоо хийж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй гурван багцыг хучсан. Европын сэргээн босголтын банкны нэгдүгээр багцын 18 км-ыг одоогоор хуччихсан явж байна. Энэ зэргээр ажлууд явж байна.
Өнгөрсөн зуны хувьд байдал хүнд байлаа. Хэнээс ч нуухгүй. Тодруулбал, 70 хоног бороо орсон, барилгын гүйцэтгэгч болон зөвлөх компанийн ажилчдын байранд коронавирус гарсан гээд олон зүйл шалтгааллаа. Гэхдээ бид уйлан дуугарч хэцүү байна гэсэнгүй, ажлыг хойшлуулсангүй. Хий гэдэг байдлаар шахаад явж байна. Эхэлсэн л юм чинь дуусах болно. Ирэх жил дуусгахын төлөө бүх хүчин чармайлтаа тавьж ажиллана. Зарим ажлыг өвөл хийнэ. Бухимдал байгааг ойлгож байна. Гэхдээ энэ зам ашиглалтад орж, бид инээгээд алхах өдөр ирнэ гэдэгт 100 хувь итгэлтэй байна” гэлээ.
0 cэтгэгдэлтэй