С.Амарсайханыг арай хэтэрхий давраагаад байгаа юм биш үү? МАН-ынхаан

2021-10-18 293 0

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар богино хугацаанд ажиллахдаа Нийслэлийн Төв талбайн хажууд усыг нь зөөгөөд ажиллуулдаг усан сан гэгчийг нийслэлийн төсвийн олон арван тэрбум төгрөгөөр бариулснаас өөр нүдэнд үзэгдэх өөдтэй зүйл хийгээгүй Сайнбуянгийн Амарсайханыг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн удирдсан Засгийн Газартаа Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын даргаар ажиллуулсан билээ.

Гэвч өнгөрсөн хугацаанд С.Амарсайхан Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ ба Засгийн Газартаа тус дэм болох гэхээсээ илүү хасах оноо л чирч ирсэн нь үнэн юм.

Засгийн Газрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой өдий төдий нугалаа, хөл хорионы хэдхэн хоногт эргэж буцсан олон арван шийдвэр, тэр бүү хэл автобусанд иргэдийг олон зуугаар нь чихэлдэж явахаас өөр аргагүй болгосон шийдэл зэрэг нь маш буруу байсан гэдгийг жирийн иргэдээс эхлээд УИХ-ын гишүүд ч нэгэнт хүлээн зөвшөөрсөн.

Мөн түүний эхнэр ХӨСҮТ-д чөлөөтэй орж, буцаж гарсан явдал иргэдийн бухимдлыг хамгийн ихээр хүргэсэн юм. Арга ч үгүй биз, өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд цар тахлын хязгаарлалтаас үүдэлтэйгээр олон арван хүн аав ээж, амраг хань, дотны хүмүүстэйгээ уулзаж ч чадалгүй амиа алдсан эмгэнэлтэй явдал болсон.

Гэтэл Улсын Онцгой Комиссын Дарга, Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайханы эхнэр болохоор ХӨСҮТ-ийн тусгаарлалтын горимыг хээв нэг чөлөөтэй зөрчиж, тэр бүү хэл иргэдийг доромжилж буй мэт Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр мэдээ хөтөлсөн шиг явна.

Шадар сайд С.Амарсайхан ч уг асуудалд туйлын мэдрэмжгүй хандаж, ядаж уучлалт ч гуйгаагүйгээр үл барам харин ч би сайн ажиллаж байгаа учраас зохион байгуулалттай бүлэг намайг харлуулж байна хэмээн өөрийгөө хамгаалдаг байгаа. Энэ тэнэг тайлбар иргэдийн инээдийг гэхээсээ үзэн ядалтыг төрүүлсэн юм.

Тэгвэл С.Амарсайханы бараг албаар Л.Оюун-Эрдэнийн эсрэг ажиллаад байгаа юм биш биз дээ? гэж эргэлзмээр үйлдэл өнгөрсөн долоо хоногт дахин нэмэгдэв.

Тодруулбал өнгөрсөн Баасан гарагт түүний хувийн эзэмшлийн “Софт Трейд” ХХК-ий “Зайсан хилл” цогцолборт “Камертон” хамтлагийн тоглолт зохион байгуулагдсан явдал юм.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Дарга Л.Эрдэнэчулууны хэлж байгаагаар: ” “Зайсан хилл” дотор байрладаг “Собт трейд” компани тоглолт зохион байгуулсан асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийсэн. Шалгалтаар олон зөрчил илэрсэн. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа үед олон хүн цуглуулж, хууль бус үйл ажиллагаа хийж байгаа нь ард иргэдийн эсрэг хийж байгаа ноцтой гэмт хэрэг. Шалгалтаар тус компанийн хоолны газар нь ковид өвчнөөс сэргийлэх тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй, “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, иргэдийн халууныг хэмждэггүй, тэмдэглэл хөдөлдөггүй, ажилчид нь халдвар, хамгааллын хэрэгсэл хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй, нэг удаагийн бээлий хэрэглэдэггүй нь тогтоогдсон. Мөн хүн хоорондын зай бариагүй, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй, талбайн багтаамж 50 хувиас хэтэрсэн гэх мэт зөрчил илэрсэн. Түүнчлэн мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж байгаагүй гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь хяналт, шалгалтын явцад илэрсэн энэ мэт зөрчил, дутагдал нь давтагдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн боловч хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул зөрчлийн хэрэг үүсгэсэн, торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж байна. Тухайн компанид хариуцлага тооцох” аж.
Улсын Онцгой Комиссын дүрэм, журмыг Улсын Онцгой Комиссын даргын хувийн компани нь удаа дараа зөрчөөд байхаар ард иргэд яаж мөрдөх вэ дээ?

МАН-ынхаан, Ерөнхий Сайдаа, одоо арай л хэтэрч байгаа юм биш үү? Улсын Онцгой Комиссыг олигтойхон удирдах нь бүү хэл өөрийнх нь хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгжүүд байнга хууль зөрчиж, хуулийг үл тоох болсон С.Амарсайханд нэн даруй хариуцлага тооцож, Монгол Улсын Шадар сайдын албан тушаалаас огцруулах цаг хэдийн болсон юм биш үү?Аль эсвэл МАН-ын удирдлагууд С.Амарсайханыг хэтэртэл нь давруулах ямар нэгэн өртэй юм уу?

Эх сурвалж: Sonin.mn

Холбоотой мэдээ