Ерөнхий сайд аа, далайсан гараа бүү буцаа!

2021-10-11 289 0

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эхний 100 хоногтоо дархлаажуулалтыг эрчимжүүлснээр эдийн засгийг нээх алхам хийсэн. Гэвч Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх цэг дээрхи ариутгалын “хаалга”-аар цавчаа хийсэн хил, гааль, мэргэжлийн хяналтынхны балгаар сэргэж эхэлсэн эдийн засаг эргээд унтрав.

Ерөнхий сайд наадмын өмнө асуудалтай газар дээр нь биечлэн танилцаад “Замын-Үүд дэх нөхцөл байдал 30 хоногт сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гэдгээ орон даяар мэдэгдсэн юм. Түүнээс хойш гурван сар болов. Замын-Үүдийн асуудал дээрдсэнгүй. Тэнд Засгийн газрын бүрэн эрхт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг томилоод ч сайжирдаггүй юмаа гэхэд ядаж хуучин хэвэндээ орсонгүй. Өссөн үнэ өчүүхэн ч буусангүй.

Хил дээр ачааны машинууд бөөгнөрсөн хэвээр. Үнэндээ Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид томилсноос хойш хоёрхон зүйл өөрчлөгджээ. Нэг нь, жилийн өмнө хоёр сая гаруй төгрөг байсан Эрээн-Улаанбаатар хооронд ачаа тээвэрлэх хөлс 10 сая төгрөг болж, үүнээс давуулахгүй байх хариуцлагын гэрээг тээврийн компаниудтай байгуулсан. Нөгөө нь, тээврийн хөлс нэмэгдсэнээр хүнс, өргөн хэрэглээний үнэ өсөж иргэдийн амьжиргаа илт муудсан явдал юм.

Замын-Үүдийн хямралаас өмнө 200 мянган төгрөгт хөргөгч дүүрдэг байв. Харин өнөөдөр иргэд 200 мянган төгрөгөөр нэг тор дүүрэн хүнс авч хүрэхгүй байна. Ганцхан жишээ, Замын-Үүдэд бүрэн эрхт төлөөлөгч томилогдохоос өмнө 1280 төгрөг байсан атар талх өнөөдөр 1500 төгрөг болжээ. Нэг атар талхны үнийн өсөлтийн зөрүүнд явж байгаа 220 төгрөгийг энгийн иргэдийнхээ халааснаас хулгайлсан албан тушаалтнуудтай хэзээ хариуцлагаа тооцох вэ, Ерөнхий сайд аа. Товлосон сар, тоолсон 30 хоног чинь дуусаад гурван сар болов. Тэнд Замын-Үүдэд үүрэг гүйцэтгэсэн жижиг гарууд нь хариуцлага хүлээгээд энд ажилдаа хариуцлагагүй хандсан, магадгүй цавчааг удирдсан дарга нар нь иргэдээ тавлаж сууна, Ерөнхий сайд аа.

Уг нь, Ерөнхий сайд танхимынх нь гишүүдтэй холбоотой асуудлыг өөртэй нь нүүр тулж ярих зарчим илэрхийлсэн. Үүнээс хойш Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар Ерөнхий сайдынхаа ард нуугдаж, өөрсдийн алдаанд иргэдийг, цар тахлыг, сэтгүүлчдийг буруутгадаг байнгын хэдэн эзэнтэй болов.

Жишээ нь, Уул уурхайн сайд Г.Ёндон шатахууны тасалдалд эхлээд импортлогчдыг, дараа нь ард түмнийг буруутгав. Колонкууд шатахуун зарахгүй байхад л иргэдийг оочерлож ажил хүндрүүллээ гэх. Тэгэхдээ л түүний хариуцсан яамных нь ажил хэрхэн явааг нүүрсний экспортын хэмжээ тодорхой харуулна. Түүхий нүүрс хамгийн өндөр үнэ хүрч байх энэ үед Монгол Улс түүхэндээ хамгийн бага нүүрс гаргаж байна. Гайхамшиг уу, гутамшиг уу.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайжруулсан түлшний хомстдолд орсонд мөн иргэдийг буруутгаж, “зохиомол хомсдол үүсгэлээ” гэж зандарсан. Ямар ч хүн дуртайдаа, эсвэл эрхэм сайдыг муухай харагдуулах гэсэндээ намрын оройн сэрүүнд үгсэн хуйвалдаж, олноороо нүүрсэнд дугаарлаж зогсохгүй нь мэдээж.

Улмаар сайд нарын дэлгэрүүлсэн тренд бусад төрийн онцгой байгууллагуудын удирдлагуудад цар тахал мэт халдаж эхлэв. Хамгийн сүүлд ЦЕГ-ын дарга Ж.Болд нэр бүхий иргэд улсын онцгой объект руу халдаж, гэмт хэрэгт шалгагдаж байсан Д.Монголхүүг хүч хэрэглэн авч явсан гэв. Хэрвээ үнэн бол төрийн тусгай объектоос, хамар дороосоо хүнээ алдсан ШШГЕГ-ын, харин байгууллагын нэр барьж худлаа хэлсэн бол ЦЕГ-ын удирдлагуудад хариуцлага тооцож энэ маргааныг хагалах нь Ерөнхий сайдын ажил бөгөөд үүрэг. Яагаад гэвэл Монгол Улс Ерөнхий сайд бүхий парламентын ардчилсан засаглалтай. Ийм улс оронд Ерөнхий сайд хүн далайсан гараа буцаадаггүй. Учир нь, Ерөнхий сайдын хүчтэйг, мөн иргэд нь хүндэлж байгааг илэрхийлэх гол хэмжүүр нь түүний хэлж ярьсандаа хүрэх явдал юм. Хэлснээ хийж, тооцно гэсэн хариуцлагаа тооцож чадахгүй юм бол Ерөнхий сайдын эрх мэдэл юуны төлөө байх билээ. Далайсан гараа бүү буцаа, Ерөнхий сайд аа.

 

Эх сурвалж: Itoim.mn

Холбоотой мэдээ