УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Бямбадорж нар Коронавируст халдвар /Ковид-19/-ын лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Өнгөрсөн хугацаанд нийт 4217 жирэмсэн эх халдвар авсан. Улаанбаатарын хэмжээнд 42 эмнэлэг ковидын тусламж үзүүлж байна. Нийт батлагдсан тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байсан. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хүүхдийн халдвар 0.8 хувиар буурсан байна. 21 аймаг болон Улаанбаатар хотын 13 байршилд лабораторийн аппаратыг суурилуулсан. 21 аймаг бүгд молекул биологийн лабораторитой болсон. Мөн Улаанбаатарын найман дүүрэг, нарийн мэргэжлийн зургаан эмнэлэгт лабораторийн аппарат байгаа. Гурав дахь давлагаа тархалт өндөр байгаа. Нийт шинжилгээнд эерэг эзлэх хувь 26.3 хувь байгаа. Бид PCR шинжилгээний тоог огт бууруулаагүй. Долоо хоногт 45-50 мянган шинжилгээ хийдэг. Түргэвчилсэн 80-100 мянгыг хийж байгаа. Ковидын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа орны тоогоор манай улс дэлхийд тэргүүлж байгаа.
Манай улсад жилд дунджаар 16500 орчим хүн нас бардаг. Энэ оны найман сарын байдлаар өмнөх оныхоос 1200 тохиолдлоор илүү байна. Энэ нь ковидын нөхцөл байдлаас шалтгаалж байгаа. Манай улс нас баралтаараа дэлхийд 9-д орж байна.
Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссоны дараа гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Халдвар авсан хүн дахиж авахгүй гэж баахан ярьсан. Одоо тэгээд халдвар авсан хүмүүс чинь дахиж халдвар аваад байна. Хэчнээн хүн дахиж халдвар авсан бэ. Нийт 1289 хүн нас барсан гэж байна. Үүнээс хэд нь гэртээ нас барсан бэ. Нэмэлтээр ор гаргах шаардлага байна уу.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Нас баралтаараа бид бахархаад байгаа юм байхгүй. Олон улсын статистик үзүүлэлтийг танилцуулсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэртээ 55 хүн нас барсан. Гэртээ нас баруулахгүй байхын төлөө ор зохицуулах багийн хүчийг нэмэгдүүлж ажиллуулж байгаа.
Хичээл сургууль эхлээд сар гаруй болж байна. Хүүхдийн халдвар 20 орчим хувийг эзэлж байсан. Энэ хэмжээндээ байгаа. Бид цаашдаа ор нэмж дэлгэхгүй, нэмэх ч боломжгүй. Манай боломж таазандаа тулчихсан. Ор нэмж дэлгэсэн ч ажиллах хүний нөөц байхгүй. Хөдөө орон нутагт 14 мянган хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүний тал нь хөнгөн байгаа. Өнөөдрийн байдлаар 36 тэрбумаар тоног төхөөрөмж авсан.
Халдвар авсан хүн дахиж халдвар авахгүй гэсэн мэдээлэл өгөөгүй. Альфа хувилбараар өвдсөн бол дельта хувилбараар өвдөх магадлалтай.
0 cэтгэгдэлтэй