Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан ханиад томууны дэгдэлт ихсэж байна. Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг коронавирусийн шинж тэмдэгтэй адилхан байгаа учраас иргэд ханиадаа коронавирусийн халдвартай андуурах тохиолдол ихээр гарч байгаа. Тэгвэл УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяраас томуу болон коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрээр “Түргэвчилсэн оношлуураар коронавирус болон томууг ялгах боломжтой. Бид 12-оос доош насны хүүхдүүдээ томуугийн вакцинд бүрэн хамруулсан. Иймд санаа зовох зүйл бага. Харин насанд хүрсэн иргэд томуу болон коронавирус ялгагдахгүй байгаа үед аль алинд нь Арбидол эмийг хэрэглэх боломжтой. Бид энэ талаар коронавируст эмчилгээний зааварт зөвлөмж оруулсан байгаа.
Ер нь цаашид өвчлөлийн тохиолдол буурах хандлага байхгүй байна. Учир нь коронавирусийн дельта хувилбар асар өндөр халдварлах чадвартай. Монгол Улсын хувьд вакцинд хамрагдах ёстой зорилтот бүлгийн иргэдийн 30-40 хувь бүүстер тун / гуравдугаар тун / -даа хамрагдаж байж тохиолдлын тоо 2-3 дахин буурах юм.
Мөн бидний хувьд гол тулгамдсан асуудал нь иргэдийн амны хаалтаа авч үйлчлүүлдэг газрууд. Уг газраас халдвар авах эрсдэл их байна. Иймд иргэдийн амны хаалтаа авч үйлчлүүлдэг газруудад цагийн хязгаарлалт тогтоосноор тохиолдлын тоог багасгах болно. Иргэд ч мөн амны хаалтаа авч үйлчлүүлдэг газраар үйлчлүүлэхгүй, амны хаалтаа байнга зүүх шаардлагатай байна” гэлээ.
Эх сурвалж: Itoim.mn
0 cэтгэгдэлтэй