Шахмал түлшний 50 хувийн хөнгөлөлтийг зогсоохгүй бол 3000 цэг нээгээд ч нэмэргүй

2021-10-06 23 0

Нэг өдөр амардаг танил маань, нэг өдрийн амралтаа шахмал түлш хайхад зарцуулж, гэр хорооллын гудамжийг “нэгжжээ”. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах борлуулалтын цэгийн үүдийг оройн 17:00 цагаас хойш сахисны эцэст 23:00 цагт хоёр шуудай түлш аваад харив. Нийслэлд хоёр хоногийн өмнө ийм нөхцөл байдал үүссэн байв.

Дарга нарт аливаа асуудлыг үүссэн даруйд нь шийддэг бус нийтээрээ шүүмжлээд эхлэнгүүт анхаарал хандуулдаг зан нийтлэг. Энэ жишгээр иргэдийг туйлдуулж байж нэг л өглөө олдохгүй байсан шахмал түлшийг цэг бүрд дүүртэл овоолжээ. Ингэж гал “унтрав”.

Түлээгүй хүмүүс борлуулалтын цэгийн үүдийг сахихын зэрэгцээ “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн ажилчид цалин, урамшууллаа авахаар ажил хаялт зарласан гэх таагүй мэдээлэл цацагдсан. Нийслэлчүүдэд түлээтэй өвөлжих, цаашид дахин шахмал түлшний төлөө хүйтэнд хөл хавсарч зогсохгүй гэх баталгаа бий юу?

Хүйтний улирал ирж буй энэ цагт түлшний үйлдвэрлэл зогсохгүй байх нь хамгийн чухал. Иймд “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, ажилчдын дунд үүссэн асуудал цэгцэрсэн эсэхийг Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагаас тодрууллаа.

ХҮМҮҮС ТҮЛШЭЭ ХАЙСАН, БИД Ч ЦЭГЭЭ НЭЭСЭН

-Өнгөрсөн жилтэй харьцуулбал өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц хэр байна вэ?

-“Таван толгой түлш” компани сайжруулсан шахмал түлшийг энэ оны наймдугаар сарын 2-ноос хойш үйлдвэрлэн нөөцөлж байна. Нийслэлийн засаг даргын тамгын газраас багтаамж сайтай агуулахуудыг түрээсэлж өгдөг. Бид тэнд үйлдвэрлэсэн түлшээ хадгалдаг юм. Энэ жил нийслэлийн санхүүжилтээр 35 агуулахыг түрээслэн 72 мянган тонн түлшээ хадгалаад байна. Өнгөрсөн жил бид өвлийг 80 мянган тонн түлшний нөөцтэй эхлүүлж байв. Өнөөдрийн байдлаар 284 цэгтэй гэрээ байгуулаад хамтарч ажиллаж байна. Нэмээд 130 борлуулалтын цэгийн судалгаа хийгдэж байгаа. Ингээд ойрын хугацаанд 400 гаруй борлуулалтын цэгийг нээнэ. Бид борлуулалтын цэгээс захиалга аван нийлүүлж, үлдсэн түлшийг нөөцөд нэмээд явдаг.

-Цэг нээнэ гээд л яриад байгаа. Гэтэл цэг нь байгаад, түлш нь хүрэлцэхгүй нөхцөл хэдхэн хоногийн өмнө үүссэн. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд энэ өвөл гал алдахгүй өвөлжиж чадах уу?

-Сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг энэ жил есдүгээр сарын 27-ны өдөр нээсэн. Цаг агаар эрс хүйтэрсэн, хүмүүс түлшээ хайсан. Бид ч цэгээ нээж эхэлсэн. Ингээд бүх зүйл давхцаад борлуулалтын цэгт ачаалал үүссэн юм. Түүнээс манайд түлшний нөөц байхгүй, үйлдвэрлэж чадахгүй байгаа асуудал огт биш. Үүссэн нөхцөл байдлыг арилгах хүрээнд өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд түлшний нийлүүлэлтийг дөрөв дахин нэмэгдүүлсэн. Бид эхлээд өдрийн 500 тонныг гаргаж байлаа. Сүүлийн хоёр хоногт 2000 тонныг гаргасан. Энэ нь огцом хэрэглээг хэвийн төвшинд авч ирэх ажил.

Энэ жил түлшний борлуулалтыг есдүгээр сарын 27-ноос эхэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үргэлж шат дараатай нээж ирсэн. Арванхоёрдугаар сард бүх цэгийг нээж, төлөвлөгөөндөө хүрдэг. Өнгөрсөн жил гэхэд арванхоёрдугаар сард 686 борлуулалтын цэгийг ажиллуулж байсан. Өнөө жилийн хувьд 930 борлуулалтын цэгийн хүсэлт хүлээн авсан. Энэ бүх цэгийг газар дээр нь очиж байршлыг, бичиг баримтыг шалгалаа. Өөрөөр хэлбэл борлуулалтын цэгүүдийг нээх бэлтгэл ажил хангагдсан. Хоёр хоногийн дараа 400 гаруй цэгтэй, цэг болгон түлштэй болно. Тэгэхээр иргэд хүссэн газраасаа түлшээ аваад хэвийн байдалд шилжинэ.

ЗАСГИЙН ГАЗРААС 50 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАСАН НЬ ҮЙЛДВЭРТ АЧААЛАЛ ӨГЧ БАЙГАА

-Иргэд их хэмжээгээр түлш нөөцөлсөн гэж Эрчим хүчний сайд буруутгасан. Нөөцөлсөн эсэхэд судалгаа хийсэн үү?

-Засгийн газрын шийдвэрээр шахмал түлш өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 3-наас энэ оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл 75 хувь хямдарсан. Энэ хугацаанд иргэд түлшийг маш их нөөцөлсөн. Иргэдэд түүхий нүүрсийг том автомашинаар худалдаж аваад өвлийн нөөцөө нэг бүр бэлтгэдэг байсан уламжлалт хандлага бий.

-Баруун үйлдвэрийг нүүлгэх тухай шийдвэрээс болж ажил зогссон. Улмаар нөөц бага бүрдүүлсэн гэх асуудлыг ярьсан?

-Өнгөрсөн жил үйлдвэрлэлээ зургадугаар сарын дундаас эхлүүлсэн. Харин энэ жил наймдугаар сарын 2-нд ажил эхэлсэн учраас тодорхой хэмжээний хоцрогдолтой явж байгаа. Манайх улирлын чанартай үйлдвэрлэл явуулдаг. Өвөл ажиллаад дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа зогсоогоод шугам, эд ангиудаа сольж, засварын ажил хийнэ. Энэ жилийн нэг онцлог нь гаднаас орж ирэх сэлбэг, бараа материал удаашралтай байлаа. Улмаар бидэнд тооцоолоогүй, төлөвлөөгүй нэмэлт ажлууд бий болсон. Энэ зөвхөн манайд биш олон ААН-д тулгарсан. Мөн баруун бүсийн үйлдвэр зүүн бүсийн үйлдвэртэй нэгдэх тухай асуудал яригдсан. Энэ бол нүсэр ажил.

-Шахмал түлшний үнийг 50 хувь хямдруулсан нь үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж байна уу?

-Засгийн газрын шийдвэрээр цар тахалтай холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор түлшний үнийг хямдруулсан. Энэ шийдвэр тодорхой хэмжээгээр ачаалал үүсэж байна. Засгийн газар 50 хувийн хямдрал зарлачихсан гэсэн үг. Үйлдвэрлэлд энэ нь шууд ачаалал үүсгэж байгаа. Хэрэглээг хангах зорилгоор үйлдвэр илүү хурдан, шуурхай, чанартай түлш борлуулах шаардлага тулгарсан. Аливаа зүйл хямдрахад ахиухан авахыг хүсдэг нь эрүүл үзэгдэл шүү дээ. Тиймээс иргэдийг буруутгаж болохгүй.

“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН АЖИЛЧДЫН ЦАЛИН НУУЦЛАЛЫН ЗЭРЭГТЭЙ

“Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр /2021.10.05/”Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр /2021.10.05/

-Танай үйлдвэрийн ажилчид эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Бидний хувьд хүмүүсээ цомхтгохгүй ажиллах бодлого барьж байгаа. Эдийн засгийн хувьд нөхцөл байдал хүнд байгаа учраас компани урт хугацаанд оршин тогтнохын тулд урамшууллыг ажлын хувиар тооцож олгох шийдвэр гарсан. Үүнд ажилтнууд бухимдсан, түүнээс ажил хаялт болоогүй. Ажилтнууд ээлж солилцох цагаар өөрсдийн санал бодлоо илэрхийлж, цалингаа нэмүүлэх урамшууллаа авах асуудлыг тавьсан. Энэ асуудал тодорхой төвшинд шийдэгдсэн. Үүнээс болж ажил огт доголдоогүй.

-“Таван толгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэр хэдэн ажилтантай вэ? Илүү цагийн мөнгөө авч чаддаггүй, цалин бага гэх асуудлыг ажилчид хэлж байсан.

-Баруун үйлдвэрт эд ачааллын үед 1800 орчим хүн ажилладаг. Цалингийн систем нууцлалын зэрэгтэй байдаг. Миний хувьд боломжийн л санагддаг.

-Төгсгөлд нь танаас дахиад асууя. Иргэд энэ өвөл гал алдахгүй, дулаан өвөлжих түлшний нөөц танай үйлдвэрт бий юу?

-Баруун бүсэд дөрвөн цехэд 12 шугам ажиллаж байна. Зүүн бүсийн үйлдвэр бол 1,2 болон дахин боловсруулах гээд гурван цехтэй. Үүнд найман шугам бий. Эд ачааллын үед нийлээд 20 шугам ажиллах боломжтой. Түлшний нөөц хангалттай байна. Ойрын хугацаанд 600 борлуулалтын цэгээ байгуулна. Түүхий эд, барьцалдуулагч хангалттай байна. Тэгэхээр гаднаас шалтгаалах хүчин зүйл үгүй. Түлш тасалдаад цаашид түлшгүй болох эрсдэл гарахгүй. Харин иргэдийн зүгээс манайх том байшинтай, нам даралтын зуухтай гээд хүрэлцээний асуудал ярьдаг. Эдгээр айлд хэрхэн хүргэх вэ гэдэг бидний хувьд хамгийн чухал ажил болоод байна. Үүнд судалгаа хийж байгаа.

“ХЯМДРАЛЫГ ЗОГСООХООС ӨӨР АРГАГҮЙ”

“Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр /2021.10.05/”Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр /2021.10.05/

Сайжруулсан шахмал түлшний нөөц хүрэлцээгүй, үйлдвэрийн ажилчдын урамшууллыг олгоогүй зэрэг хэд хэдэн асуудал үүссэн ч албаны хүн тулгамдсан бүх асуудал шийдэгдсэн гэдгийг хэллээ. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд сард дунджаар 50-110 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. Төрөөс түлшний төлбөрийг 50 хувь хөнгөлсөнтэй холбоотойгоор хэрэглээ өсөж байна гэж албаныхан мэдээлж буй.

Тухайлбал өнгөрсөн оны мөн үед өдрийн хэрэглээ 1700-2000 орчим тонн байсан бол өнөөдөр 3200-д хүрсэн. Үүнээс болж цэгийн тоо цөөдөж, дараалал үүсэж, иргэд нөөцөлж хүндрэл үүссэн гэж албаныхан мэдээлж буй. Иймд “Таван толгой түлш” ХХК-ийн зүгээс сайжруулсан шахмал түлшний 50 хувийн хямдралыг зогсоох шаардлагатай гэж үзжээ.

Энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар “Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар бууруулсан энэ хямдралыг тодорхой хугацаанд зогсоохоос өөр арга байхгүй. Хямдрал байгаа цагт борлуулалтын цэгийн дараалал хэзээ ч дуусахгүй. Хямдралыг зогсоохгүй бол хэчнээн олон тонноор түлш нийлүүлээд, 3000 цэг нээгээд ч түлшний дараалал зогсохгүй” гэдэг байр сууриа илэрхийлэв.

Харин Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлыг асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Борлуулалтын цэг ажиллуулахаар нийт 1000 гаруй хүн хүсэлтээ өгснөөс шаардлага хангасан нь 600 бий. Цэгүүдийн тоог нэмэх юм бол иргэдийн дунд бухимдал үүсэхгүй” гэв.

Засгийн газрын хуралдаанаар /2020.12.02/ сайжруулсан шахмал түлшний үнийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1 өдрийг хүртэл 50 хувиар бууруулах тогтоолыг баталсан. Ингэснээр иргэд нэг шуудай сайжруулсан түлш 3750, 1 тонн нь 150 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол 1 тонн нь 75 мянган төгрөгөөр, нэг шуудай сайжруулсан түлшийг 1875 төгрөгөөр худалдан авч буй.

Нийслэлийн гэр хорооллын 220 гаруй мянган өрх энэ өвөл 3750 төгрөгийн бүтэн үнээр түлшээ худалдан аваад дулаан өвөлжих үү, 50 хувийн хямдралтай худалдан аваад хааяа хааяахан түлшиндээ дугаарлаж зогсох уу гэх сонголттой тулах бололтой.

 

Эх сурвалж: Gogo.mn

Холбоотой мэдээ