Ж.Отгонболд: Сарын дотор нийслэлд 92000 хүн халдвар авч, өвдлөө

2021-10-01 61 0

Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад дахь коронавирусийн нөхцөл байдлыг долоо хоногийн тойм мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрээр “Нийслэлийн хэмжээнд дельта вирус тархсанаас хойш есдүгээр сард гэхэд халдварын 92000 тохиолдол гарсан байна. Энэ оны есдүгээр сарын 1-ээс есдүгээр сарын 29-ний хооронд эмнэлэгт хэвтсэн нийт хүний тоо 18435, эмнэлгээс хэвтэж эдгэрч гарсан хүний тоо 16745 болсон.

Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой есдүгээр сарын 1-ээс хөдөө орон, нутгаас оюутны дотуур байранд 10000 орчим оюутан ирсэн. Бид есдүгээр сарын эхний долоо хоногт төрийн өмчийн 13 их сургуулийн оюутны дотуур байр, хичээл сургуулийн танхимд шалгалт хийж зөвлөмж өгч ажилласан.

Өнөөдрийн байдлаар 750 оюутнаас коронавирус илэрч, таван оюутан эмнэлэгт хэвтэж байна. Одоогоор МУИС-ийн дөрөвдүгээр байр, “оюутны өргөө” -гийн хоёр давхрыг тусгаарлан эмчлэх байр болгоод байна.

Төрийн их дээд сургуулийн удирдлагуудад оюутнуудын ЭМД-д хамруулах асуудалд хамтран ажиллахыг уриалж байна. Үүнд санхүүгийн хүндрэлтэй асуудал гарч байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ