Ахлах ахлагч Н.Мөнхбаяр хөнгөн атлетикийн улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2021-09-29 329 0

Хөнгөн атлетикийн “Үчимбэр” клубийн нэрэмжит хөнгөн атлетикийн долоон төрөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд хилийн 0303 дугаар тусгай салбараас гурван тамирчин оролцож, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, 4 алт, 6 мөнгөн медаль хүртжээ.

Монгол Улсын 13 удаагийн аварга, хөнгөн атлетикийн ОУХМ, ахлах ахлагч Н.Мөнхбаяр эрэгтэйчүүдийн 3000 метрийн төрөлд 8 минут 23 секунд 75 долийн амжилтаар I байр эзэлж энэ зайн Монгол Улсын рекордыг 30 жилийн дараа шинэчлэн тогтоожээ.

Тэрбээр 1500 метрийн Монгол Улсын рекордыг 3 минут 48 секунд 35 долийн амжилтаараа эзэмшдэг юм байна. Энэ удаагийн тэмцээний долоон төрөлтийн тэмцээнд 1500 метрийн гүйлтийн төрөлд I байр, 4х100 метр, 4х400 метрийн буухиа гүйлтэд II байр эзэллээ.

Монгол Улсын 10 удаагийн аварга, хөнгөн атлетикийн спортын мастер, ахлагч Э.Төртогтох эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн төрөлд I байр эзэлж, Монгол Улсын таван удаагийн аваргын амжилтаа бататгалаа. Мөн 4х100 метр, 4х400 метрийн буухиа гүйлтэд тус бүр II байр эзэллээ.

Спортын дэд мастер, дэд ахлагч Л.Тэмүүжин эрэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд I байр эзэлж энэ төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээний 4 дэх түрүүгээ хүртлээ. Мөн 100 метр, 4х100 метрийн гүйлтийн төрлүүдэд тус бүр II байр эзэлсэн байна.

Холбоотой мэдээ