‘Сод монгол’ группийн дөрвөн охин компани Жуковын хөшөөний арын газарт эзэн суужээ

2021-09-15 248 0

Жуковын хөшөөний арын талбайд барилгын ажил эхлүүлснийг эсэргүүцэж иргэд амралтын өдөр жагсав. Нийтийн эзэмшлийн шахуу, иргэдийн салхилж, амарч зугаалдаг газарт барилга барихаар зэхэж байгааг эсэргүүцсэн нь энэ юм. Тус газар нь Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрладаг ба газрын маргаан дэгдээд олон жилийн нүүр үзжээ.

Анх 2007 онд Жуковын хөшөөний арын дөрвөн га газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир “Сод монгол групп”-ийн захирал Ц.Анандбазарт өгчээ. Э.Мөнх-Очир нь УИХ-ын дарга асан Л.Энэбишийн хүү бөгөөд 2008-2012 оны парламентад Булган аймгаас сонгогдож байсан юм. Тэрээр Ц.Анандбазартай нэг нутаг, тухайн үед найз нөхдийн сайн харилцаатай байжээ.

Газар өгсний дараа тухайн газрын асуудлыг Баянзүрх дүүргээс Нийслэлийн газрын албанд шилжүүлжээ. Иргэдийг тус талбайг нийтийн эзэмшлийн талбай болгоё гэхэд шүүхдэж байгаа гэдэг тайлбар өгсөөр 2016 онд тус газрыг 60 жилээр таван компанид эзэмшүүлсэн байна.

Тухайн газрыг 2016 онд албан ёсоор эзэмшүүлж эхэлснээс хойш тус газарт юу ч хийгээгүй, зөвхөн хашаалаад орхисон аж. Ингээд 2020 оны долдугаар сарын 10-нд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газраас 2018 онд батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2020 онд доорх таван компанид олгожээ.

Одоо энэ газарт дөрвөн блок, долоон хэсэгтэй, 16 давхар бүхий орон сууц үйлчилгээний төв, музей, кино театр барихаар төлөвлөжээ. Анх газраа авахдаа “Ээж музей” барина гэсэн ч үйлчилгээний зориулалттай байгууламж барихаар өөрчилсөн байна. Харин оршин суугчид, Баянзүрх дүүргийн иргэд “Баянзүрх дүүрэгт Цэргийн музей, Одон орны музей, Жуковын музей байдаг тул дахиж музей хэрэггүй. Орон сууц, барилга байшин ч багадаагүй. Харин амарч зугаалдаг, зүлэг, тоглоомын талбайтай нийтийн эзэмшлийн талбай хэрэгтэй” хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Г.Э “Би энэ хороонд 10 гаруй жил амьдарч байна. Яг үнэндээ энэ талбай дээр юу ч хэрэггүй. Бид өөрсдөө энд модоо тариад, зүлэгжүүлээд ч болтугай нийтийн эзэмшлийн талбай болгомоор байна. Хуучин тийм л байсан шүү дээ. Одоо энэ хавьд маш шигүү, машин тавих ч зай олддоггүйг бүгд мэднэ. Ийм байхад нэмээд барилга барьчихаар улам л зайгүй болно. Угаасаа Улаанбаатар хотод амарч, зугаалчихаар мод зүлэгтэй нийтийн эзэмшлийн талбай ховорхон шүү дээ. Бид энэ газрыг аваръя гэж гарын үсэг цуглуулж эхэлсэн. Зөвхөн манай хороо, дүүргийн ч биш Улаанбаатар хотын 2000 иргэн гарын үсгээ зураад байна” гэсэн юм.

Жуковын газарт эзэн суусан таван компани хэний мэдэлд байдаг вэ

Жуковын арын газрыг “Монголын саран ээж нийгэмлэг”, “Алхана трейд” ХХК, “Ньютур сафарис” ХХК, “Мэргэ Ван” ХХК, “Хүрээ инвест” ХХК таван компани эзэмшиж байна. Тус компаниудыг эзэмшигчээр шүүж үзвэл дөрөв нь “Сод монгол” группийн охин компани, нэг нь Ардын жүжигчин Н.Сувдын тэргүүлдэг нийгэмлэг байх ажээ.

Алхана трейд ХХК

Тус компани нь газрын тосны барилга байгууламжийн барилга угсралт, нефтийн бүтээгдэхүүний импорт, худалдаа, агуулах бааз, ложистикийн үйлчилгээ эрхлэн явуулдаг. Эзэмшигч нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, иргэн Н.Ганболд нар юм.

Ньютур сафарис ХХК

“Сод Монгол групп” ХХК-ийн 15 охин компанийн нэг “Нью тур сафарис” ХХК нь 2009 оноос хойш энтертаймент салбарт орж ирсэн. Ард иргэдийн сайн мэдэх “Өргөө” кино театрын ажиллуулдаг. Эзэмшигч нь Алхана трейд ХХК-ийн эзэмшигч Н.Ганболд, иргэн З.Бямбаа нар. Гүйцэтгэх захирал нь Цогт-Очирын Пүрэврэнчин аж.

Мэргэ Ван ХХК

Мэргэ Ван ХХК нь 2009 онд “Сод Монгол” Групп болон ОХУ-ын “РН-Аэро” ХХК (“Роснефть” ОНХК-ийн охин компани) хооронд байгуулсан хамтарсан компани юм. Мэргэ Ван ХХК нь нисэх онгоцны буудалд агаарын хөлгийн далавчинд ТС-1 түлшээр цэнэглэдэг үйл ажиллагаа эрхэлдэг. Эзэмшигч нь “РН-Аэро” ХХК, Сод Монгол групп. Гүйцэтгэх захирал нь Санжиевич Виктор гэж хүн байдаг.

Хүрээ инвест ХХК

“Сод Монгол”-ын шатахуун түгээх станцуудын дэргэдэх “СОД” сүлжээ дэлгүүрийг эрхэлдэг. Эзэмшигч нь Ч.Цогт-Очир. Гүйцэтгэх захирал нь Н.Урантогос.

Монголын саран ээж нийгэмлэг

Эх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр дурсгалыг алдаршуулахын төлөөх олон талт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага. Эзэмшигч нь иргэн Т.Бат-Очир, Д.Лхамсүрэн, Л.Насанбаяр, Н.Сувд, О.Тунгалаг. Удирдах зөвлөлийн дарга нь Ардын жүжигчин Н.Сувд.

Уг нь Засгийн газраас зургадугаар сард газар эзэмших эрхийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн газар болгохыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт даалгасан юм. Гэсэн ч өнгөрсөн гурван сарын хугацаанд ямар нэг шийдвэр гаргаагүй юм.

Жуковын хөшөөний арын талбайн газрын асуудлын талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас тодруулахад “Энэ газар барилга барих зөвшөөрөл 2020 оны долдугаар сард олгогдсон. Гэвч оршин суугч, иргэдээс гомдол, эсэргүүцэл их ирж байгаа тул сонсох үйл ажиллагаа зохион байгуулна. Үүнийг хийхийн тулд захиалагч таван компанид мэдэгдсэн байгаа. Энэ тав дахь өдөртөө багтаан хариу илгээснээр ирэх долоо хоногоос сонсох ажиллагаа явуулах юм” гэсэн юм.

 

Эх сурвалж: Itoim.mn

Холбоотой мэдээ