Арбидол эмийг ковидын эмчилгээнээс хассан байна

2021-09-13 169 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн ЭМ холбооны Гүйцэтгэх захирал И.Балжинням дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрээр “Арбидол эмийг өнгөрсөн долоо хоногт эмчилгээний стандартаас хассан. Гэтэл ЭЭХХЗГ, Хүний эмийн зөвлөл зэрэг шийдвэр гаргадаг хамгийн том байгууллагууд мэдээгүй байна. Арбидолын нөөц бий болгох шийдвэрийн дагуу ААН-үүд нөөц бүрдүүлж, мөн төрийн худалдан авах ажиллагааны газар ерөнхий гэрээндээ оруулсан. Одоо 3.9 тэрбум төгрөгийн эмийн нөөц, 7 тэрбумын гэрээ хийчихсэн байна. Эмчилгээний практикаас хасагдсан учир одоо энэ 10 тэрбум төгрөгийн эм хог болно. Ирээд устгагдах нь байна” гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах тайлбарыг өглөө. Тэрээр “ДЭМБ эмчилгээний зөвлөмжөө өөрчилж, “Ковид 19”-ийн өвөрмөц эмчилгээнээс хасах шийдвэр гаргасан. Үүний дагуу манай улс Арбидолыг өвөрмөц эмчилгээнээс хасахаар болсон” гэж хариулсан.

Арбидол эмийг өвөрмөц эмчилгээнээс хассан гэдэг нь: Ковид-19 өвчний өвөрмөц эмчилгээнд хэрэглэх гэдэг байсныг өөрчилж томуу томуу туст өвчин, sars2 ковид-19 зэрэг өвчинд эмчийн заавраар хэрэглэж болно гэсэн утгаар өөрчилсөн гэсэн үг ажээ.

 

Б.Болор

 

Холбоотой мэдээ