​МХЕГ-ын харьяа лабораторид хүчингийн хэрэг гарчээ

2021-09-11 258 0

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа лабораторийн эрэгтэй ажилтан тус газарт ажилладаг нэгэн эмэгтэйг ажлын байран дээрээ хүчиндсэн хэрэг гарчээ.

Энэ талаар МХЕГ-аас тодруулахад “Ийм зүйл болсон нь үнэн, одоо Цагдаагийн Ерөнхий газар дээр хэрэг нээн шалгаж байна. Энэ нь манай газрын харьяа лаборатори юм” гэлээ.

Мөн бид Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад “2021 оны наймдугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторт ахлах мэргэжилтэн У гэгчид хүчиндүүлсэн гэж тус байгууллагад ажилладаг мэргэжилтэн Х гэгч өргөдөл гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага иргэн Х-гээс гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2021 оны есдүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэсэн юм.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан билээ.

Холбоотой мэдээ