Манай улсын нэг сая хүнд ногдох ковидын халдварын хэмжээ 73 мянгад хүрлээ. Энэ үзүүлэлтээр дэлхийд хоёрдугаарт орж байгааг Оном сангийн зөвлөх, доктор Д.Наранбаатар жиргэжээ. Манайхаас хавьгүй олон хүнтэй Энэтхэг улсад нэг сая хүнд ногдох халдвартай хүний тоо 23 мянга, ОХУ-д 48 мянга байна. Тэгэхдээ энэ нь бүртгэгдэж буй халдварын тоо.
Засгийн газраас цар тахлын эсрэг ерөнхийдөө хоёр чиглэлийг гол стратеги барьж буй. Нэг нь вакцинжуулалт, нөгөө нь хөл хорио. ЭМЯ болон эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын 20 гэхэд халдварын тоо эрс нэмэгдэж, оргил үедээ хүрнэ гэж мэдэгдсэн. Энэ давлагаа нь дельта хувилбарын давлагаа гэдгээрээ өмнөх давлагаануудаас ялгаатай, илүү хөнөөлтэй. Дельта хувилбар нь альфа хувилбараасаа илүү хурдан тархаж, илүү хүнд өвчлүүлдэг. Манай улсад бүртгэгдэж буй нийт халдварын 35 хувь нь дельта хувилбарын халдвар тарьж байгаа, одоо илүү ч нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл халдварын, ялангуяа дельта хувилбарын тархалтын оргил үеэр хатуу хөл хорио тогтоох эсэх нь иргэдийн дунд асуулт болоод байна.
Энэ асуултад Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас дорвитой хариу өгөөгүй. Аль болох хөл хорио тогтоохгүй гэсэн үгээр “бөөрөнхийлөх” хэрнээ “гэхдээ тохиолдлын тоо нэмэгдээд байвал хатуу хөл хорихоос өөр аргагүй дээ” гэх.
Харин УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр “Монгол Улс вакцинжуулалтаар харьцангуй сайн байгаа. Гэхдээ орой үдшийн цагаар шоудсанаас болж халдвар эрчтэй тарж байна. Тиймээс Эрдэмтдийн багаас шөнийн 22.00, эсвэл 23.00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн. Үүнийг халдварын оргил үеэс өмнө, өнөө маргаашгүй л хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй” гэсэн юм.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй