Есдүгээр сарын 8-ны 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн Харанхуй гэх газар таван магнитудын хүчтэй газар хөдөллөө. Байршлыг тодруулбал, Улаанбаатар хотоос баруун хойш 124 км-т, Төв аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, Жаргалант сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-ийн байршилд газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлд газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлын дуудлага бүртгэгдээгүйг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Хонгор хэлж байна.
3-4 баллын газар хөдлөлт нь хүнд мэдрэгдэх боломжтой бөгөөд зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай гэнэ. Баллын хэмжээ 10-аас хэтэрвэл барилга байгууламжууд нурах аюултай гэж үздэг. Өнгөрсөн шөнө болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотоос гадна Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн төв болон зарим суманд хүчтэй мэдрэгджээ.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй