АМГТГ: Бензиний тасалдал үүсээгүй, үнэ нэмэгдэхгүй учир иргэд тайван байж болно

2021-09-08 353 0

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан, Эрдэнэт болон Улаанбаатар хотын зарим шатахуун түгээх станцуудаар бензин тасалдаж, нэг хэрэглэгчид дээд тал нь 30 мянган төгрөгөнд бензин олголоо. Иргэдийн дунд бензиний нөөц тасарсан, үнээ нэмэх гээд бензинээ тасалчихлаа гэх яриа гарав. Энэ асуудлаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа.

-Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот болон Эрдэнэт, Дархан хотуудад бензин хомсдолтой байлаа. Яагаад ийм нөхцөл байдал үүсэв?

-Тийм ээ. Нэг хэрэглэгчид 30-40 мянган төгрөгөөр хязгаарлалт тогтоосон нь ч үнэн. Үүний дагуу арга хэмжээ авч, одоо бүгд хэвийн болсон. Улаанбаатар хотод амралтын өдрүүдэд зарим шатахуун түгээх станцууд засвар хийсний улмаас бензин тасарсан. Зарим нь агуулахаасаа бензинээ татаагүй гэх асуудлууд гарсан. Одоо бүх асуудал байхгүй болсон, бензиний хангамж хэвийн боллоо.

“Роснефть” компаниас оруулж ирж буй бензинд бага хэмжээний хязгаарлалт тавьж байна. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх, татан авалтаа сайжруулах, төмөр замын асуудлыг шийдвэрлүүлэхэд УБТЗ-тай хамтран ажиллаж байна.

-“Роснефть” компаниас хязгаарлалт хийж байгаатай холбогдуулан БНХАУ-аас бензин импортлох ажил наймдугаар сард эхэлсэн шүү дээ. Энэ ажил ямар шатандаа явж байна?

-Өнгөрсөн долоо, наймдугаар сард ОХУ-аас дотоод үнээ барихын тулд АИ95 бензиний нийлүүлэлт хийж чадахгүй гэдгээ бидэнд мэдэгдсэн. Одоо хадлан, тариалалтын цаг эхэлж байгаа учир хомсдол, тасалдал үүсгэхгүй байх бүх арга хэмжээг авч байна. АИ92, АИ95 бензиний нөөц бага зэрэг багассан тул зарим ААН-үүд БНХАУ-аас 7000 мянган тн хүртэлх захиалгыг хийчихсэн. Урдаас бензин авахад төмөр замын асуудал их төвөгтэй. Тиймээс үүнийг шийдэхээр ГХЯ, УБТЗ-тай хамтран аль болох цаг алдахгүй байхыг хичээж байна.

-Шатахууны нөөц одоо ямар байгаа вэ?

-Долоо хоног бүрийн мягмар гаригт шатахуун импортлогчдоос АМГТГ-т импортоор орж ирсэн газрын тосны бүтээгдэхүүний тоо хэмжээ, үлдэгдлийн мэдээллийг өгдөг. Мэдээллээс харахад одоо 30 хоногийн нөөцтэй байна. Энэ нь нэг төрлийн бензин биш. Ард иргэдийн ихээхэн хэрэглэдэг АИ92 бензин 20 хоногийн нөөцтэй байгаа. Хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан худалдан авалт ихэссэн.

Иргэд л гэнэт цочиж, бөөнөөрөө банкаа дүүргээд байвал хэцүү. Энэ нь бие биенээсээ нөөц тасалдлаа, бензинээ тасалж байгаад үнээ нэмэх гэж байна гэсэн буруу мэдээлэл авснаас болдог. Энгийн өдөрт хүмүүс 10-20 мянган төгрөгөнд бензин хийдэг. Тиймээс иргэддээ хэлэхэд нөөц хомсдоогүй, үнэ нэмэх гэж байгаа зүйл байхгүй, тайван байж болно гэж хэлмээр байна.

-Шатахууны үнэ нэмэгдсэн ч буурдаггүй гэсэн гомдол иргэдийн дунд байна?

-Хамгийн сүүлд 2020 оны тавдугаар сард нэг литр АИ92 бензиний үнэ 1320 төгрөг болтол, литр тутамдаа 520 төгрөгөөр буурч байсан. Үүнийг хүмүүс огт ярихгүй байна. Иргэд бензиний үнэ буухыг ярьдаггүй, буусан ч мартчихдаг. Харин өсөхөд нь өслөө гэдэг.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээ импортоор авдаг, хараат бус. Бензиний үнэ гадаад зах зээлийн өсөлт, ам.долларын төгрөгтэй харьцах ханшаас шууд хамааралтай. Өмнөх жилд ам.долларын ханш харьцангуй тогтвортой байсан. Гадаад зах зээл дээр одоо Брент марк тосны үнэ 72-73 ам.долларын ханштай байгаа. Үүнийг дагаад бензиний үнэ нэмэгдсэн. Бид гадаад зах зээл дээр үнэ буурахад дагаж буурч, нэмэгдэхэд нэмэх зарчмыг баримталж байна.

-Жижиглэнгийн худалдаа импортын хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийн дизель түлш эзэлдэг. Үүний 65 хувь нь бөөний, 35 хувь нь жижиглэн худалдаа. Мөн нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг АИ92 эзэлж байгаагаас 70 хувийг жижиглэнгийн худалдаа, 30 хувийг бөөний худалдаа эзэлж байгаа юм. АИ92 бензиний худалдан авалтын дийлэнхийг жижиглэнгийн худалдаа эзэлдэг учраас төрөөс хяналт тавьдаг.

-Та өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж мэдэгдсэн гэсэн шүү дээ. Хэдий болтол нэмэгдэхгүй энэ хэвээр байх вэ?

-Тэрийг шууд хэлэхэд бэрх. Аравдугаар сарын эхэн хүртэл өсөхгүй гэж ажиглагдаж байна. Коронавирусийн дельта хувилбар, Мю хувилбар гарч байгаа учир олон улсын эдийн засаг тогтворгүй, огцом савлалт ихтэй байгаа. Арваад хоногийн өмнө баррель тосны үнэ 63 ам.доллар хүрч буурсан. Үргэлжлүүлэн буурах болов уу гээд харахад долоо хоногийн дараа буцаад 70 гаруй ам.доллар болж нэмэгдлээ.

Есдүгээр сарын 1-нд ОПЕК+ орнуудын хурал болсон. Энэ хурлаар өдрийн олборлолтыг 400 мянган баррелиар нэмэгдүүлэх өмнөх шийдвэрээ үргэлжлүүлэхээр мэдэгдлээ. Үүний гол зорилго нь он дуустал баррель тосны үнийг 100 ам.доллар хүргэхгүй байх бодлого юм. Хэрвээ баррель тосны үнэ одоогийнх дээрээ байгаад байвал энэ хэвээрээ л байна. Аравдугаар сараас үнэ ямар болохыг мэдэх боломжгүй. Судалгаанаас харахад айхтар өсөхөөргүй байна. Тогтвортой байх болов уу гэсэн хүлээлт байна.

-Баярлалаа.

Холбоотой мэдээ