Гурав дахь тунг энэ сарын 30-наас багш нар, 55-аас дээш насныханд хийнэ

2021-08-28 218 0

Коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунгийн талаарх мэдээллийг ЭМЯ-аас өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны сайд С.Энхболд нэмэлт тунтай холбоотой шийдвэрийг танилцууллаа.

Тэрээр “Халдварын өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо есдүгээр сарын дунд үе гэхэд оргил үедээ хүрэх эрдэмтдийн тооцоолол бий. Өнөөдрийн байдлаар дельта хувилбарын тархалт 50 хувьтай байна. Ирэх сарын 1-ээс хичээл сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотой судалгааны үр дүн, эрдэмтдийн гаргасан тооцооллыг үндэслэн дараах шийдвэрийг гаргаж байна.

Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Гэвч эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлэх шийдвэрийг гаргаж байна. Тодруулбал, наймдугаар сарын 30-аас 55-аас дээш насны хүн боловсролын байгууллагын ажилчин, хүндэтгэх шалтгаант хүн хариу арга хэмжээнд оролцож байгаа зэрэг хүмүүсийг вакцинд хамруулна. Бидний тооцооллоор ойролцоогоор 450000 иргэд гуравдугаар тун хийнэ. Энэ хүмүүст сайн дурын үндсэн дээр нэмэлт тунг хийх бөгөөд Синофарм, Пфайзер зэргээс өөрийн сонголтоор хийх юм. Ирэх сард халдварын тоо эрс ихсэх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай байна” гэлээ.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ