МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн физикийн анги нь өнгөрсөн жил таваас доош оюутны сонголттой байсан учир элсэлтийг өнжих шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл энэ жил тус сургууль 700-аас дээш оноотой элсэгчийг 100 хувь, 650-иас дээш оноотой элсэгчийг 50 хувь эхний жил сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргихоос тодруулахад “МУИС-ийн Физикийн анги нэг хэсэг оюутангүй болсон. Зарим жил 1-2 оюутан төгсдөг байлаа. Энэ жилийн хувьд физик, физикийн багш мэргэжлээр хоёр, хоёр оюутан төгссөн.
Тэгвэл МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатарын санаачилгаар нэгэн сайхан ажил эхэллээ. Тодруулбал, физикийн ангид элсэх оюутан 700-аас дээш оноотой бол сургалтын төлбөрийг эхний жил 100 хувь чөлөөлнө. Харин 650-иас дээш оноотой бол төлбөрөөс 50 хувь чөлөөлөхөөр боллоо. Хэрэв тус суралцагч нь цааш суралцах явцдаа 3.2-иос дээш голчтой суралцсан тохиолдолд мөн адил дээрх хөнгөлөлтийг авах юм.
Дээрх бодлого нь дан ганц физикийн ангид хэрэгжихгүй. Тодруулбал, математик, хими, биологи зэрэг Монгол Улсад хэрэгтэй шинжлэх ухаан талын мэргэжлийн ангиудыг мөн энэхүү жишгээр дэмжих болно. Энэхүү бодлого одоогоор үр дүнгээ өгч эхэлж байгаа бөгөөд хөдөө, орон нутгийн 800 оноотой суралцагчид бүртгүүлж байна. Хэрэв бүртгэлээс хоцорсон хүүхэд байвал тэнхимийн багш болон надтай холбогдоорой” гэлээ.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль энэ жил физик болон физикийн багшийн ангид нийт 25 оюутныг бүртгэж авах юм. Тус сургуулийн физикийн тэнхимд Монголын анхны хиймэл дагуул болон коронавирусийн судалгаа, шинжилгээг хийж байгаа эрдэмтэн багш нар ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй