Жүжигчин Н.Ононг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэв

2022-01-13 258 0

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байна гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний зөвлөлийн гишүүнд дөрвөн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй байхаар заасан байдаг. Ингэхдээ түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Ерөнхийлөгчид санал болгодог байна.

Өмнөх Ерөнхийлөгч МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид, Ж.Цэсэн, Д.Өлзийбаатар нарыг санал болгон томилуулснаас Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд шинэ гишүүдийг томилуулах гэж буй нь энэ юм.

Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулах саналыг УИХ-д оруулсан байна.

Холбоотой мэдээ