Л.Энх-Амгалан: Багш нарын цалин цаашид нэг сая төгрөгөөс эхэлнэ

2022-01-07 205 0

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Үр дүнд суурилсан, боловсролыг чанартай олгосон багш нарыг урамшуулахаар 80 гаруй тэрбум төгрөгийг шийдсэн. Хэрэгжиж эхэлсэн үү? Тухайлбал, Төв аймгийн зарим суманд хүүхдийн тоо нэмэгдсэн бол багш ажилчдын тоо хэвээрээ байгаа. Тухайн хүмүүст илүү цагийн урамшуулал өгөх гэхээр төсөв нь дуусдаг. Багш ажилчдын тоог хүүхдийн тоотой нь уясан байдлаар шийдэх асуудал Боловсролын хуульд орох уу?” гэдгийг тодруулав.

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “2022 оны улсын төсөв батлахад шинэ эх үүсвэрийг баталсан. Өмнө нь боловсролын салбар урсгал зардал, цахилгаан дулааных нэг хүүхдийг сургах хувьсах зардал гэсэн эх үүсвэртэй байсан. Энэ оны улсын төсөвт нэмэгдэл буюу үр дүнд суурилсан санхүүжилт гэж 80 орчим тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Хувьсах зардлын аргачлалыг өөрчилсөн. Багш нар үр дүнгийн урамшуулал гэж авдаг. Гэхдээ үүнийгээ 100 хувь бүтэн авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн сургууль дээр очсон мөнгөө тэгшитгээд хуваарилж, багш нар хохирч үлддэг байсан.

Тиймээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын суурь цалинг нэмэх ёстой гэж шийдсэн. Үр дүнгийн урамшууллыг суурь цалингийн нэг хэсэг болгон өгнө. Цаашид багш нарын цалин 720 мянга биш нэг сая төгрөгөөс эхэлж, үүн дээр суурилан нэмэгдлээ авна. Гэхдээ нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалин ихээр нэмэгдэх юм шиг хүлээлт үүсгэж болохгүй. Ямар ч байсан Засгийн газраас төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод жишгийг баталъя гэж байгаа.

Энэ нь багш нарын хувьд нэг сая орчим төгрөгөөр батлагдах болов уу гэж төсөөлж байна. Гэхдээ батлагдаагүй байгаа” хэмээн хариуллаа.

Холбоотой мэдээ