Ирэх жил хүүхдийн мөнгийг хэрхэн олгох журмыг батлаагүй байна

2021-12-28 212 0

Хүүхдийн мөнгийг ирэх онд Ирээдүйн өв сангаас санхүүжүүлж олгохоор 2022 оны төсөвт тусгасан. Ингэхдээ 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох бол үүнээс хойш сонголттойгоор олгоно. Тодруулбал, иргэд хүсвэл 100 мянган төгрөг хүртэл хүүхдийн мөнгөө авах, эсвэл 100 мянган төгрөгөө хуримтлуулах сонголтыг иргэдэд өгч байгаа гэдгийг Засгийн газраас хэлж байсан.

Дөрөв хоногийн дараа шинэ он гарч, шинээр баталсан төсвийн хүрээнд хүүхдийн мөнгө болон төсвийн хөрөнгө оруулалт явна. Гэтэл өнөөдрийг хүртэл хүүхдийн мөнгийг хэрхэн олгох журмыг батлаагүй байна. Төсвийн хуулийг дагуулаад журам батлах ёстой бөгөөд тухайн журмын дагуу хүүхдийн мөнгийг олгох юм.

Энэ талаар ХНХЯ-аас тодруулахад “Хүүхдийн мөнгө өмнө нь Нийгмийн халамжийн сангаас гардаг байсан. Ирэх оноос Ирээдүй өв сангаас зохицуулахаар холбогдох хууль дүрэмд нь өөрчлөлт орсон. Ирээдүй өв сангийн тухай хуулиараа Төрийн санд хуримтлуулах мөнгөн дүнгийн хэмжээг 100 мянган төгрөгөөр тогтоож, тэрнээс иргэн хүсэлтээ гаргавал эхний хагас жилдээ 100 хүртэлх мянгөн төгрөг авч болно. Харин дараагийн хагас жилд 50 хувийг нь бэлнээр авдаг болно.

Гэхдээ иргэд хэрхэн хүсэлтээ өгөх, яаж хэрэгжүүлэх, яаж олгох вэ гэдэг журам нь Засгийн газар батална. Журмыг нь батлуулахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ