С.Амарсайхан: Айл өрхийн 250-350 кВт хүртэл цахилгааны төлбөрийг төрөөс даана

2021-12-24 106 0

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Омикрон хувилбар хувилбар хүнд нөхцөл байдал үүсгэнэ гэж дэлхийн улс орнууд арга хэмжээ авч байна. Гэтэл манайд энэ хувилбар аюулгүй, хөнгөн өнгөрнө гэсэн мэдээлэл гаргаад тайвшруулаад байна. Бүх түвшиндөө хариуцлага муу байхад асуудал хүндэрнэ шүү. Шинжилгээг буруу гаргаж өгсөн хүмүүст хариуцлага тооцно гэсэн юу болсон бэ. Цар тахлын хуулийг дагасан томилгоотой холбоотой олон асуудал байгаа. Хүмүүсийг сонгон шалгаруулалтаар албан тушаалд томилж байна уу.

Шадар сайд С.Амарсайхан: Хариуцлагын тухай асуудал бий. Шинжилгээний сорьц сольсон, мөнгөөр худалдсан, хуурамч хариу гаргасан, хандиваар өгсөн эмнэлгийн тусламж үйлчилгээний бараа бүтээгдэхүүнийг сольсон, тусламжийн барааг худалдаж авсан мэтээр орлогод бүртгэж хувийн дансаараа авсан гээд олон асуудал гарч байсан. Энэ асуудлыг гаргаж тавьж, АТГ, цагдаагийн газарт өгч, шүүх прокурорт хэрэг нь шилжээд явж байгаа. Хариуцлага, ур чадвар, хүнд суртал бүх шатанд өнөөдөр ч байна. Хамгийн их хүндрэл учруулж байгаа асуудал энэ. Санхүүжилттэй холбоотой асуудал бий. Санхүүжилтийг Сангийн яам хянаж, ЭМЯ, ЭМДГ, Эм эмнэлгийн хэрэгсэл зарцуулдаг. Санхүүжилтийг олон нийтэд нээлттэй болгох ажлыг хийж байна. Өнгөрсөн зургадугаар сард “Ковид Монгол” гэж цахим хуудас нээж санхүүгийн тоо баримтыг Сангийн яам, холбогдох байгууллагууд оруулдаг болсон. Манай эрүүл мэндийн салбарын чадавх сул, хүн амын суурь өвчлөл, архаг хууч өвчлөл, эрүүл мэндийн салбарын эмзэг салбар бол коронавирустэй тэмцэхэд хүндрэл учруулж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Цахилгаан дулааны төлбөрийг төр өгч байгаа нь үр дүнтэй ажил. Үүнийг үргэлжлүүлэх боломж байна уу. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт маш их байна.

Шадар сайд С.Амарсайхан: Орон сууцны айл өрхийн 250 кВт хүртэл, гэр хорооллын 350 кВт хүртэл цахилгааны үнийг төрөөс даах асуудлыг Засгийн газар дээр ярьж, шийдвэрлэхээр явж байгаа.

Засгийн газар айл өрхийн цахилгааны хөнгөлөлтийг ирэх оны зургадугаар сарын 30 хүртэл үргэлжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Засгийн газрын дараагийн хуралдаанаар эцэслэн шийдэх юм. Ингэснээр нэг айл өрхөд сар 48-60 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Харин аж ахуйн нэгжүүдийн цахилгааны хөнгөлөлтийг арванхоёрдугаар сарын 31-ээр дуусгавар болгох аж.

Холбоотой мэдээ