УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар өнөөдөр хүргүүлжээ. Тэрээр хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тэрээр “Би өнгөрсөн наймдугаар сард хууль хяналтын байгууллагуудаас хүний эрхийг хамгаалах чиглэлийн нэгдэн орсон гэрээ, конвенцыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаарх тайланг авсан. Үүнд дээр тодорхой дүгнэлт гаргасан. Сүүлийн үед хүний жам ёсны эрхийг зөрчих үзэгдэл нэлээд гарах болсон. Үндсэн хуулиар итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхийг олгосон. Гэтэл өнөөдрийн хуулиар жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг. Тодруулбал, жагсаал цуглаан хийх гэж байгаа талаараа заавал Засаг даргад мэдэгдэж, түүнийгээ бүртгүүлдэг. Ингээд гурав хоногийн дотор Засаг дарга үндэслэлийг нь нягтлаад зөвшөөрөл олгодог, эсвэл зөвшөөрдөггүй.
Энэ бол зөвхөн бүртгүүлж байгаа болохоос биш зөвшөөрөл олгох зохицуулалт биш. 2015 онд батлагдсан хуулийн энэхүү заалт нь маш том ухралт юм. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулж, иргэд жагсаал цуглаан зохион байгуулах бол тухайн шатны Засаг даргадаа зөвхөн мэдээлэл хүргүүлж, бүртгүүлдэг болох шаардлага үүссэн. Ингэж зөвшөөрөл авч байгаа нь иргэд жам ёсны эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалд хүргэж байна.
Иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа тохиолдолд төр тэдний аюулгүй байдлыг л хангаж ажиллах ёстой. Харин эрхээ эдэлж жагсахад нь болно, болохгүй гэж зөвшөөрөл олгодог байх болохгүй. Энэ нь манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг давсан асуудал юм.
Одоо байгаа хуулийн заалтаа хэрэгжүүлснийхээ төлөө цагдаа, иргэн гэсэн талцал үүсч, түүнийг нь улс төржүүлдэг, эмх замбараагүй байдал үүсдэг байж болохгүй. Одоогийн хуулиар жагсаал цуглааныг Засаг дарга бүртгэж бичгээр хариу мэдэгдэнэ гэж заасан. Хариу бичгээр илгээхгүй байхад л зөвшөөрөөгүй гэж үзэж түүнийг нь цагдаа нар албадан зогсоох, цаашлаад мөргөлдөөн үүсдэг гол асуудлын буруу энд л байна” гэлээ.
0 cэтгэгдэлтэй