Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний импорт гацсан байна. Эрээнд халдвар бүртгэгдсэнээс болж Замын-Үүдээр орж ирэх тээврийн асуудал гацсан байдалтай байна. Энэ асуудлыг шийдэхээр Ажлын гарч ажиллаж байгаа бөгөөл бараа бүтээгдэхүүнийг татах, хил гаалийн гарцыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Энэ хүрээнд Гашуунсухайт болон Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бүтээгдэхүүнийг импортлох нөхцөлийг бүрдүүлэхийг Засгийн газраас даалгалаа. Үүнтэй холбоотой эдгээр боомт дээр МХЕГ яаралтай хүнсний лабораторийг байгуулахаар болж байна. Үүнд хоёр улсын гаалийн байгууллагууд хамтран хүнсний бүтээгдэхүүн болон эм эмнэлгийн хэрэгслийг авто тээврээр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх талаар энэ долоо хоногт багтаан шийдвэрлэхээр боллоо.
Засгийн газар энэ онд төв суурин газрын иргэдийн хүнсний нөөцийг бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарахаар болсон. Үүнд нэн ялангуяа иргэдийн дунд үнийн нөлөөллийг хамгийн их үзүүлж байгаа махны нийлүүлэлтийг нэмэх боломжийг бий болгох шийдвэрийг гаргалаа. Энэ хүрээнд бид Улаанбаатар хотод 30-аас доошгүй ил задгай болон агуулахын худалдааг бий болгох шийдвэр гаргалаа. Цэгүүдийг энэ долоо хоногтоо тодорхой болгож, нийтэд мэдээлнэ.
Энэ жилийн өвөлжилтийн байдал нэлээд хүндрэх төлөвтэй байна. Бид шүлхий болон малын гоц халдварт өвчний дэгдэлттэй холбоотой аймгуудад малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Үүнтэй холбоотой махны экспортыг түр хугацаанд хязгаарласан. Тэгэхээр махны бизнес эрхлэгчид дээрх төвүүдээр дамжиж махны нийлүүлэлтийг хийгээрэй гэж хэлэх нь зүйтэй болов уу.
Энэ жилийн ургацын төлөв байдлаас хамааран улаан буудайн илүүдэл тодорхой хэмжээгээр гарч байгаа. Гурил үйлдвэрлэгч болон малын тэжээл үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг бий болгох зорилгоор тодорхой шийдлийг гаргалаа. Энэ хүрээнд эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарт хуваарилсан 500 тэрбум төгрөгөөс ашиглаагүй байгаа эх үүсвэр буюу 150 тэрбум төгрөгийг гурил үйлдвэрлэгчид болон тэжээл үйлдвэрлэгчдэд гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргахаар боллоо” гэлээ.
0 cэтгэгдэлтэй